ДАВОС, 2026 оны хоёрдугаар сарын 27 /ВВС/. Дэлхийн Эдийн засгийн форумын /ДЭЗФ/ ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Берге Бренде огцрох хүсэлтээ өгчээ.
ДЭЗФ-ын ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсон тэрбээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдон шийтгэгдсэн санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлсний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эпштейнтэй холбоотой материалуудыг АНУ-ын Шүүх яам нийтэлсний дараа уг мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүргийг ДЭЗФ-аас өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Бренде мэдэгдэхдээ, 2018-2019 оны хооронд Эпштейнтэй гурван удаа уулзаж, үдийн хоол хамт идсэн, мөн цахим шуудангаар харилцаж байснаа хүлээн зөвшөөрсний зэрэгцээ түүний үйлдсэн гэмт хэргүүдийн талаар юу ч мэдээгүй байсан гэдгээ хэлжээ.
“Сайтар тунгаан бодсоны эцэст би ДЭЗФ-ын ерөнхийлөгч, ерөнхий захирлын албан тушаалаас огцрохоор шийдлээ. Миний энд ажилласан 8 жил хагасын хугацаа маш үр дүнтэй өнгөрсөн” гэж Норвегийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Бренде өргөдөлдөө дурдаад “элдэв дуулианд авталгүйгээр ДЭЗФ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал” гэдгийг онцолжээ.
ДЭЗФ-ыг хамтран даргалагч Андре Хоффманн, Ларри Финк нар тус форумын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсан Брендед талархал илэрхийлсэн байна. Дараагийн хүнийг томилох хүртэлх түр хугацаанд ерөнхийлөгч ба ерөнхий захирлаар Алоис Цвингги-г ажиллуулахаар шийдвэрлэжээ. Тэрбээр ДЭЗФ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.