XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 27 //. XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсэн өдрийг тохиолдуулан найм дахь жилдээ “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” үзэсгэлэнг Монголын театрын музейд өнөөдөр нээлээ. 

Ж.Дорждагва нь 1904 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төрсөн. Түүний мэндэлсний 122 жилийн ой тохиож байна. Тэрбээр XX зууны манлай уртын дуучин, Монголын уртын дууны уламжлалыг зуун дамжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хосгүй авьяастан юм. Мөн Монголын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шавь бэлтгэжээ.

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэвСоёл судлалын ухааны доктор Ц.Наранчимэг,  “Ж.Дорждагва гуайн талаар бие даасан, иж бүрэн судалгаа өнөөг хүртэл хийгээгүй. Эрдэмтэд түүний уран бүтээлийг хэсэгчлэн дурдсан байдаг ч хувь хүнийх нь намтар, өв соёлын үнэ цэнийг бүхэлд нь хамарсан судалгаа ховор. Иймээс энэхүү үзэсгэлэнд түүний амьдрал, уран бүтээл, баримтат өвийг цогцоор нь харуулахыг зорьсон” хэмээн тодотгож байв.

 

Мөн тэрбээр “Ж.Дорждагва гуай нийт 55 бүтээл туурвисан байдаг. Тэдгээр нь тухайн цагтаа ард түмний дунд түгэн дэлгэрсэн ч цаг хугацааны эрхээр зарим нь мартагдсан. Иймээс түүний зохиосон бүтээлийг нот, шүлэг, дууны эх, аялгууны бичлэгийн хамт цуглуулан гаргаж, судалгааны эргэлтэд оруулж буйгаараа ач холбогдолтой.

Ж.Дорждагва гуай монгол уртын дууны зарим нэр томьёоны гаргалгаа, тайлбарыг шинжлэх ухааны үндэстэй бичиж үлдээсэн.

Цаашид эдгээр эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан уртын дууг анхны аялгуу, дэг жаягаар нь дуулж байгаа эсэхийг дараагийн үеийн судлаачид нарийвчлан тогтооно гэдэгт найдаж байна. Мөн тэрбээр Монголын анхны найрал дууны хормейстероор ажиллаж байсан. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж найрал дууны арга барил заахад идэвхтэй суралцаж, анхны найрал дууг дэглэн тавьж, найруулан бичиж байв. Үүгээр зогсохгүй өөрөө зургаан найрал дуу зохиосон. Эдгээр бүтээлийг мөн судалгааны эргэлтэд оруулж байна” хэмээсэн юм.

Ж.Дорждагва нь Монголын уртын дууны боржгон, баянбараат, баруун аймгийн, зүүн аймгийн гэсэн дөрвөн үндсэн аялгуугаар 200 гаруй уртын дуу дуулсан.

Түүнийг 1935 онд анхны Алдарт гавьяат дуучин цол, 1936 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1956, 1964 онд “Алтан гадас” одон, 1941 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1941 онд “Ударник” тэмдэг, 1945 онд Гавьяат жүжигчин, 1999 онд ХХ зууны Манлай уртын дуучнаар шалгаруулж байжээ.

Японы монголч эрдэмтэн Онишисан “Монголын алдарт дуучин Дорждагва бол дэлхийд нэрээ мандуулж домог болсон хүн юм аа” гэж хэлсэн байдаг. Дэлхийн театрын нэвтэрхий толь бичигт “Ж.Дорждагва нь ардын уртын дууг чадварлаг сайн дуулдаг, дууны уран сайхныг үнэн зөв эзэмшсэн хүн юм. Тэрбээр цэвэр тунгалаг өнгөтэй хүчтэй хоолойтой, дуулах урлагийг чадамгай эзэмшин, дууг уян налархай бөгөөд сэтгэлийн хөдлөлтэй дуулдаг” хэмээн бичжээ.

Энэхүү  үзэсгэлэнд  Ж.Дорждагва гуайн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, гар бичмэл, зохиосон дууны дээжис, ярилцлага болон амьд ярианы бичлэг, хэвлүүлсэн ном бүтээл, түүний тухай эрдэмтдийн судалгааны ажлууд, ховор гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэрийг дэлгээд байна.

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын өвийг дэлгэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн