Пакистан, Афганистан улсууд сүүлийн хэдэн сарын турш харилцан гал нээсээр байгаа билээ. Хоёр улс хилийн маргаан, зэвсэгт бүлэглэлүүд болон аюулгүй байдлын асуудлаас болж олон 100 жил сөргөлдөж, мөргөлдсөөр ирсэн.
Тэгвэл Пакистаны хүчин өнгөрсөн шөнө /2026.02.27/ Афганистаны нийслэл Кабул болон өөр хоёр мужийг бөмбөгджээ. Энэ үеэр Кабулд гурван ч удаа тэсрэх чимээ сонсогдсон байна. Кабулын чухам аль хэсэгт цохилт өгсөн, ямар хохирол учирсан болохыг хараахан тодорхой мэдээлээгүй байна.
Үүнээс өмнөхөн буюу Пүрэв гаригийн орой Афганистаны хүчин Пакистаны хилийн цэргүүд рүү дайрсан. Үүнийгээ тэд Пакистаны агаарын цохилтын хариу гэж мэдэгдсэн байна. Пүрэв гаригийн дайралтаар Пакистаны 55 цэрэг нас барсан аж. Мөн амьдаар нь барьцаалсан цэргүүд ч байгааг Афганистаны Батлан хамгаалах яам мэдэгджээ. Гэхдээ Пакистаны тал хоёр цэрэг л амиа алдсан гэх зөрүүтэй мэдээллийг өгч байна.
Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Манай улс аль ч түрэмгий хүчнийг бут цохих бүрэн бололцоотой. Улс үндэстэн тэр чигээрээ Пакистаны армитай мөр зэрэгцэн зогсох болно” гэжээ. Харин Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви “Афганистанд өгсөн цохилт бол тэдний нээлттэй түрэмгийллийн хариуг өгч буй зохистой үйлдэл” гэсэн байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард талууд мөргөлдөхөд 70 гаруй хүн нас барсан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш талуудыг олон улсын хууль дор иргэдээ хамгаалж, сөргөлдөөнөө дипломат байдлаар шийдэхийг уриалжээ.