Эрх баригч Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаан өнөөдөр “Эрх чөлөөний дөрвөн зам,дөрвөн чөлөөлөлт” уриа дор болно.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл тавина. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Түүнчлэн Бага хурлын II хуралдаанд намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, бодлогын шийдлүүдийг гарган танилцуулах юм байна.
МАН-ын Бодлогын хороод:
- “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
- Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
- Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
- Хот байгуулалтын бодлогын хороо
- Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
- Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
- Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
- Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
- Эрүүл мэндийн бодлогын хороо
- Технологи, инновацийн бодлогын хороо
- Хүний эрхийн бодлогын хороо