, УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжиллээ.
УИХ дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхний сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Төсвийн зарлага болон орлогын зөрүү
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл зэрэг арга хэмжээ авч байгааг дурдав, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд дурдав.
Хариуцлага тооцох асуудал
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн болон Капитал банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэргийн хариуцлагыг нэхэж, Хуримтлалын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрсөн талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Г.Ганбаатар аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн сахилга, хариуцлага алдсан нь нотлогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон тухай асуулт тавив. Үндэсний аудитын газраас хариуцлага тооцуулах 96 санал ирүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, зарим төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдагуудад хариуцлага тооцсон талаар ярив.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн багш нарын цалин, урамшууллыг улсын дунджаас өндөр түвшинд хүргэх чиглэлүүд яагаад хэрэгжихгүй байгааг асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ц.Баатархүү өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгснийхөө дараа авлига, хулгайн талаар ярьж эхэлдэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нэг гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эрх баригч намынхны авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ямар байгааг асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгууд эргээд шударга санхүүжилт авч чадахгүй байгааг сануулж, үүнд анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.
УИХ дахь олонхыг төлөөлөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даруй өргөн мэдүүлэхийг зөвлөв. Мөн УИХ дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, П.Наранбаяр, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг нар Оюутолгой ХК-ийн ногдол ашгийг хэрхэн ашиглах, баялгийн өгөөжийг ирээдүйд чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс-химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд оруулах, мөн стратегийн төслүүдэд ашиглах зэргээр саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн шинэ тулгуур болгон хөгжүүлэх, татварын дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг танилцуулж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын хэрэг, маргааныг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шийдвэрлүүлэх, ил тод байдал, хариуцлага, бодит үр дүнг нэмэгдүүлэх замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2027 оны төсвөөр дамжуулан Засгийн газар татварын хөнгөлөлт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан шинэ өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байлаа гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
