Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 //. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хооронд 2026 онд шинэчлэн байгуулсан тохиролцооны хүрээнд эхний ээлжид зүрх шилжүүлэн суулгах мэс засал, бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр зургаан эмчийг  БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлнэ.

БНСУ-д эмнэлзүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар сонгогдсон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зургаан эмчийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр  Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Сургалтын хамгийн чухал үр дүн бол эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо бодитоор нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм” хэмээн онцоллоо.

Мөн сургалтын төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг төрөөс хариуцах  юм. Эмч нар олон улсын шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний арга барил, багийн зохион байгуулалт, өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанарын сайн туршлагаас суралцах аж. Сургалтын дараа эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо нутагшуулж, тухайн чиглэлийн тусламж, үйлчилгээг тогтвортой үзүүлэх үндэсний чадавхыг бүрдүүлэхэд анхаарч ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

Уулзалтын төгсгөлд “Бидний гол зорилго бол Монгол Улсын иргэн шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг эх орондоо, чанар, аюулгүй байдлын зохих шаардлагад нийцүүлэн авах боломжийг нэмэгдүүлэх юм” хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх