АСТАНА, 2026 оны аравдугаар сарын 25 /ТАСС/. Астанад явагдаж буй бөхийн ДАШТ-ий үеэр болсон Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ товчооны хурлын явцад “Иван Ярыгины нэрэмжит тэмцээн”-ийг /Мемориал Ивана Ярыгина/ тус холбооноос 2027 онд зохион байгуулах тэмцээний хуанлид оруулах тухай шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ. Энэ тухай Оросын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Георгий Брюсов мэдэгдлээ.

И.Ярыгины тэмцээн нь сүүлийн жилүүдэд UWW-гийн хуанлид орсон, Орост болох анхны тэмцээн бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 20-25-нд Красноярск хотод явагдана. Уг тэмцээн 2022 оноос хойш Оросын эсрэг хоригийн улмаас тус холбооны хуанлигаас хасагдаад байсан юм.  

“Уг тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахын тулд бид UWW-гийн удирдлага болон үндэсний холбоодтой нягт хамтран ажиллаж байна. Америкийн эрэгтэй, эмэгтэй багууд И.Ярыгины тэмцээнд оролцоно гэсэн баталгааг АНУ-ын Бөхийн холбооноос авснаас гадна тус тэмцээний хүрээнд ОХУ-АНУ-ын эрэгтэй, эмэгтэй холимог багуудын халз барилдааныг зохион байгуулахаар тохиролцлоо” гэж Брюсов ярилаа.   

Түүнчлэн UWW-ий товчооны шийдвэрээр И.Ярыгины тэмцээний явцад Олон улсын бага хурлыг зохион байгуулах ажээ.

Олимпын хошой аварга, дэлхийн болон Европын аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер Иван Ярыгины тэмцээнийг анх 1990 онд Абакан хотод явуулсан бөгөөд 1991 оноос хойш Красноярс хотод зохион байгуулж байна. Энэ оны тэмцээн нэгдүгээр сарын 29-нээс хоёрдугаар сарын 1-нд болсон юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх