Зураач, урлаг судлаач П.Байгаль “Дээд эс” уран бүтээлийн зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандлын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм. Мөн уламжлалт монгол сэтгэлгээний өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр дахин тайлбарлахын зэрэгцээ урлагийн бүтээлийг олон утгат, нээлттэй эргэцүүллийн орон зай болгож буйгаараа онцлогтой.

Нээлтийн үеэр “Дээд эс” хэмээх нэр нь хүний оршихуйн мөн чанар, оюун санааны дээд түвшин, үл үзэгдэх атлаа оршихуйн гүнд оршдог хүч, эрчим, холбоо хамаарлыг эрэн шинжлэх уран бүтээлчийн сэтгэлгээтэй холбогдож байна. “Дээд эс” бол оршихуйн гүнд нэвтрэх, дотоод төвөө эрэх, уламжлалт өвийн утга агуулгыг өнөө цагийн сэтгэлгээгээр дахин нээх боломжтойг буйг зураач П.Байгаль тодотгов.

Тэрбээр үзэсгэлэндээ 50 гаруй уран болон зураасан зураг, төмөр барын 25 бүтээлээ дэлгэжээ.

Түүний бүтээлүүдэд мандал нь зөвхөн шашин, зан үйлийн дүрслэл бус, харин орчлон ертөнцийн бүтэц, дотоод төв, эмх цэгц, бүхний харилцан шүтэлцээг илэрхийлэх сэтгэлгээний орон зай болон хувирчээ. Тэрбээр уламжлалт дүрслэлийн бэлгэдлийг шууд давтахын оронд геометрийн хэлбэр, хэмнэл, өнгө, орон зайн харилцаагаар дамжуулан өөрийн уран сайхны ертөнцийг бүтээж буйг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг холбох нэгэн чухал санаа нь хот мандал юм. Хот мандлыг орчлон ертөнцийн зохион байгуулалт, төв ба захын харилцаа, хүн ба байгаль, харагдах ба үл харагдах ертөнцийн огтлолцол хэмээн тайлбарлаж болно. 

Зураачийн хувьд мандал бол дүрслэлийн бэлэн загвараас гадна, сэтгэх, танин мэдэх, дотоод ертөнцөө нээх уран бүтээлийн арга юм. Түүний бүтээлүүдэд уламжлал ба шинэчлэл, эртний бэлгэдэл ба орчин үеийн хийсвэр сэтгэлгээ харилцан нэвчиж, шинэ дүрслэлийн орон зайг бий болгожээ.

Уран бүтээлч П.Байгаль Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээл, судалгаа, сургалтын чиглэлээр олон жил ажилласан зураач, урлаг судлаач юм. Тэрбээр 1986-1990 онд ДУДуС-ийг зураасан зургийн мэргэжлээр, 2000 онд МУИС-ийг урлаг судлаач, багш мэргэжлээр төгссөн. Улмаар 2003 онд МУИС-д урлаг судлалын ухааны магистр, 2008-2012 онд БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Б.Шаравын нэрэмжит Хэвлэл чимэглэлийн үйлдвэрээс эхэлсэн бөгөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, МУЭХ, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургууль зэрэг байгууллагуудад зураач, дизайнер, урлаг судлаач,  багш, тэнхимийн эрхлэгчээр тус ажиллаж байв. 2020 оноос Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирлаар ажиллаж байна.

Түүний уран бүтээлийн эрэл хайгуулд монгол ахуй, үндэсний уламжлал, бэлгэдэлт сэтгэлгээ, хүний дотоод ертөнцийн асуудал чухал байр суурь эзэлдэг.

Тэрбээр 2005 онд “Салхины аялгуу”, 2008 онд “Сэтгэлийн цэцэрлэг”,  2011 онд Хөх хотод “Өвгөдийн шүтээн”, 2014 онд “Сэндэн”,  2019 онд “Дээд үүд” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Зураачийн хувьд бүтээл туурвих нь зөвхөн харагдах ертөнцийг дүрслэх үйл явц биш, харин уламжлалт мэдлэг, бэлгэдэл, хүний сэтгэлгээний гүнд нэвтрэх танин мэдэхүйн эрэл юм.

Энэ үзэсгэлэнгийн үнэ цэн нь зөвхөн өнгө, дүрс, зохиомжийн шийдэлд бус, тэдгээрийн цаана орших утга санаа, дотоод холбоо, оюун санааны эрэлд оршино. Үзэгч бүр бүтээлтэй харилцахдаа өөр өөрийн асуулт, мэдрэмж, тайлбарыг олж нээх боломжтой.

Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх