Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 16 //. “Улаанбаатар” олон улсын 18 дахь удаагийн кино наадмын хэвлэлийн хурал “Тэнгис” кино театрт өнөөдөр боллоо.  

Тус кино наадам нь орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг бүтээлээс сорчлон монгол үзэгчдэдээ хүргэх, уран бүтээлчид, кино салбарын хөгжлийг тэтгэх төдийгүй Улаанбаатар хотноо гадаад, дотоодын иргэдэд бүтээлчээр танилцуулах, нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт үр нөлөөгөө түгээх зорилготой юм.

Энэ удаагийн кино наадмын хүрээнд олон улсын уран сайхны болон баримтат нийт 18 киног зургаан өдрийн турш үзэгчдийн хүртээл болгоно. Наадмын хөтөлбөрт нээлтийн ёслол, нээлтийн кино үзвэрээс гадна “Үзэхийн хязгаар”, Монгол кино, олон улсын кино болон баримтат киноны тусгай үзвэрүүд багтжээ. Мөн кино уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг бүхий “Кино өдөрлөг” зохион байгуулж, наадмын төгсгөлд “Хангарди” шагнал гардуулах ёслол болох юм.

Наадмын Уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор Румыны найруулагч Кристиан Мунжиугийн “Фиорд” бүтээлийг сонгожээ. 2026 оны Каннын кино наадмын “Алтан дал мод” шагнал хүртсэн тус киног өнөөдөр “Skywing” болон “Тэнгис” кино театрт үзэгчдийн хүртээл болгоно.

Хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар” ОУКН-ын захирал, Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, “Энэ жил Монгол кинонуудын ирц, оролцоо нэмэгдэж, уран бүтээлчдийн идэвх сайжирсан жил болсон гэдгийг хэлмээр байна. Монголын кино урлагийн сор бүтээлүүдээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр, киноны найруулагч, зохиолч И.Нямгаваагийн бүтээлийг онцолж байна. Тухайлбал, түүний найруулсан “Нандин эрдэнэ” болон Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, кино зураглаач, найруулагч Б.Балжинням гуайтай хамтран найруулсан “Гарын таван хуруу” киног өргөн дэлгэцээр толилуулах гэж байна. Эдгээр бүтээлийг маргааш англи хадмал орчуулгатай үзэгчдэд хүргэнэ. Ингэснээр гадаадын уран бүтээлчид, Монголд амьдарч буй гадаадын иргэд болон Монголын кино урлагийн түүх, сор бүтээлүүдтэй танилцахыг хүссэн хүн бүр эдгээр киног эх хувилбараар нь, өргөн дэлгэцээр үзэх боломжтой болох юм.

Энэ жилийн “Хангарди” шагналыг шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зохиолч, шилдэг зураглаач, шилдэг зураач зэрэг зургаан номинацаар гардуулна.

Үүнээс гадна олон улсын уран сайхны болон баримтат кино, нээлтийн кино зэрэг наадмын хөтөлбөрт багтсан бүтээлүүдээс үзэгчдийн нэрэмжит шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай” гэв.

Бүгд Найрамдах Эстони Улсаас “Улаанбаатар” ОУКН-ын Монгол киноны уралдаант хэсгийн шүүгчээр ажиллаж буй “Allfilm” компанийн продюсер Пиллэ Рюнк ярихдаа, “Уран бүтээлчдээс ирүүлсэн кино төслүүд төрөл жанр, хийцийн хувьд маш олон янз, өөр өөрийн онцлогтой бүтээлүүд байсан. Кино наадмуудад оролцож байсан, цаашид олон улсын кино наадмуудад сонгох боломжтой бүтээлүүд ч дунд нь байлаа. Үүний зэрэгцээ Монголынхоо амьдралыг илүү бодитоор харуулсан, Монголын үзэгчдэд илүү ойр, хүртээмжтэй бүтээлүүд байсанд баяртай байна. Кинонуудад хамгийн их давтагдаж байсан сэдвүүдийн нэг нь хотжилт ба нүүдэлчин амьдралын зааг ялгаа байв. Үүнээс гадна Монголын кинонуудад ажиглагдсан бас нэг сонирхолтой онцлог бол эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа, тусдаа амьдрах нөхцөл байдалтай холбоотой сэдэв юм. Олон кинонд эцэг эх, хүүхэд хоёрын харилцаа, тэдний амьдралын зөрүү, бие биеэсээ холдсон байдал ямар нэгэн хэлбэрээр тусгасан байсан. Би олон улсын бусад кино үзэхэд ийм сэдэв Монголын кинонуудад гарч байгаатай адил хэмжээнд түгээмэл ажиглагдаж байгаагүй. Тиймээс энэ нь Монголын кино урлагийн хувьд сонирхолтой, онцлог шинж чанар юм болов уу. Эдгээр сэдэв зарим бүтээлийн гол агуулга болж байсан бол заримд нь дэд сэдэв байдлаар хөндөж байлаа. Бүх кинонд ямар нэгэн хэмжээгээр илэрч байсан нь Монголын кинонуудын онцлогийг тодотгож байв. Ерөнхийдөө чанарын хувьд эн тэнцүү, сайн бүтээлүүд олон байсан учраас тэдгээрээс сонголт хийхэд хүндрэлтэй байлаа. Кино бүтээлийг уран сайхны талаас нь үнэлж, шүүнэ гэдэг өөрөө амаргүй ажил. Тиймээс бидний хувьд хариуцлагатай, хүнд даалгавар байсныг хэлэх нь зүйтэй. Монгол хөтөлбөрийн хүрээнд нийт таван кино сонгосон” хэмээв. 

Олон улсын кино үзвэрийн хүрээнд Канн, Берлин, Торонто зэрэг дэлхийн нэр хүндтэй наадамд шалгарсан шилдэг найман киног толилуулна. Тухайлбал, нээлтийн кино “Фиорд”-оос гадна, 2026 оны Каннын кино наадмаас шилдэг найруулагч шагнал хүртсэн Павел Павликовскийн “Эцгийн нутаг”, Каннын кино наадамд өрсөлдсөн Асгар Фархадигийн “Зэрэгцээ түүхүүд”, Берлиний “Алтан баавгай” шагналд өрсөлдсөн “Рөүз”, шинэ залуу найруулагчдын анхны бүрэн хэмжээний бүтээл “Бид хар гарагаас ирсэн” анимэ, “Үл таних охин”, “Вивалди бид хоёр”, Японы зохиолч Каваками Миекогийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “Дурласан бүхэн гүн шөнөөр” зэрэг бүтээлүүд багтжээ.

Баримтат кино үзвэрийн хүрээнд “Амьд үлдэх тэмцэл”, “Алдааны сайхан”, “Уулын нөмөр” зэрэг хөндөж буй сэдэв нь цаг үеэ олсон, дэлхий дахин төдийгүй монголчуудын амьдралд ойр дотно санагдахуйц гурван баримтат киног толилуулна. “Амьд үлдэх тэмцэл” баримтат кинонд Монгол, Австрали, АНУ, Грийнландын ард иргэд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож буй тухай, тэр дундаа Монголын говьд мод тарьж, ойжуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз агсны үйл хэргийг өгүүлсэн аж.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх