Ватиканы албанаас гаргасан мэдээллээр Ромын пап XIV Леод хийсэн хагалгаагаар уушгины хорт хавдар оношлогдсон байна.
Өдгөө 71 настай Пап лам мягмар гарагт Ром хотын Жемелли эмнэлэгт 90 минутын турш хагалгаанд орж баруун уушгины доод дэлбээгээ тайруулсан юм. Эмнэлгийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар хагалгаа ямар нэгэн хүндрэлгүйгээр амжилттай болж, Пап лам ухаан орсны дараа богино хугацаанд ажиглалтад байж, өрөөндөө шилжжээ. Уушгинд нь үүссэн зангилааг урьдчилан сэргийлэх энгийн үзлэгийн үеэр анх илрүүлсэн юм. Хагалгааны дараа авсан эдийн шинжилгээгээр уушгины аденокарцинома төрлийн хорт хавдар болох нь батлагдсан бөгөөд Ватиканы зүгээс хавдар үсэрхийлсэн эсэхийг шалгахаар нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа аж.
Пап лам хагалгаанд орох талаараа ням гарагт Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандан анх мэдэгдсэн юм. Тэрээр хавдрыг маш эрт үед нь илрүүлсэн тул эмч нарын зөвлөснөөр хагалгаанд орохоор болсноо хэлж байв. Эрүүл мэнд нь сайн гэгдэж байсан Пап лам халдвар болон өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй байсан бөгөөд 11 дүгээр сарын эхээр Латин Америкт хийх айлчлалаа төлөвлөгөө ёсоор үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юм.
