Мөсөн талбайн “нууц дуран”

ХҮМҮҮС

Цагаан смокинг, тэшүүрийг хослуулан өмссөн зураглаач Жордан Кован энэ жилийн Милан Кортина 2026 олимпын наадмын үеэр санамсаргүй байдлаар олны анхаарлыг ихэд татжээ. Учир нь 35 настай түүний авьяас чадвар уран гулгагчдын тэмцээний үеэр тодорсон юм. Үзүүлбэртээ бэлтгэхээс эхлээд мөсөн талбайгаас гар даллан гарах тамирчдын дүрс бичлэгийг Кован тамирчдаас дутахгүй уран гулгаж авч байв. Түүний гол үүрэг бол тамирчдын торгон мөчийг дүрс, бичлэгт буулгах явдал. Олимпын түүхэнд мөсөн дээр гарах зөвшөөрөл авсан анхны зураглаач Жордан Кованыг “NEWS” агентлагийн “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.

Кован алдартай болсон нь түүнд хөгжилтэй санагдаж байгаа ч бахархам мэдрэмж төрж байгаа гэжээ. Тэрбээр олон жил өөрийгөө чимээгүйхэн хөгжүүлж ирсэн бөгөөд олимпын наадам дээр од болох нь үнэхээр онцгой мэдрэмж төрүүлж байна гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. “Би олон жил тэшүүрээр гулгах чадвараа нууцаар хөгжүүлж ирсэн. Яг талбай дээр гарах үед хувцас минь хэт тод байна гэж санаа зовж байсан. Гэхдээ бүх хүнд таалагдаж, ажлаа хийж буйг минь зөвөөр хүлээн авсанд баяртай байна” гэж тэрбээр хэлжээ.

ИТГЭЛЦЭЛ 

Мөсөн талбайн "нууц дуран"

Кован олон жилийн турш мөсөн талбай дээр бэлтгэл хийж, тэмцээний үеэр тамирчдын зургийг авч байснаар тэдэнтэй бат бөх итгэлцэл үүсгэсэн аж. Үүний ачаар олимпын наадам дээр урьд өмнө байгаагүйгээр баяр баясал, гуниг зэрэг сэтгэл хөдөлгөм мөчүүдийг дүрс, бичлэгт буулгах чадвартай болсон. Кован хэлэхдээ, мэргэжлийн зураглаач болохын тулд туршилтын байдлаар мөсөн дээр тамирчдыг даган гулгаж, туршлага хуримтлуулсан байна. Ингэснээр тамирчдад саад учруулалгүй, камер байгааг мэдрүүлэхгүйгээр хамгийн гоё харагдах өнцгийг нь хайж олдог. Гэхдээ өөрөө камерын урд гарахдаа ичингүйрдэг болохоо нуугаагүй юм.

Уран гулгалтын тамирчид “Чамайг мөсөн дээр байгааг мартчихсан байсан” гэж хэлэх нь Кованы хувьд хамгийн том магтаал билээ.

Энэ нь бодит мөчийг ямар нэгэн нөлөө үзүүлэлгүйгээр буулгаж чадсаны илрэл гэж тэрбээр үздэг. Олимпод тэр шинэ зүйл нэмэхийг хүсдэг ч, байгаа зүйлийг нь алдагдуулахыг хүсдэггүй. Гэхдээ тамирчдыг хувь хүн талаас нь таньдаг байх нь заримдаа хэцүү гэж Кован хэлсэн. Зарим тоглолтын үеэр тэрбээр нулимсаа барих хэрэгтэй болдог. Ялангуяа багийн найз Пол Пуарье нь Канадын төлөө уран гулгалтын бүжгийн төрөлд Пайпер Гиллестэй хамт хүрэл медаль авах үед Кован маш их сэтгэл нь хөдөлсөн. Улмаар найзаараа бахархсан догдлол нь камерын фокус түрхэн зуур алдагдахад нөлөөлөх байсан тул Кован аль болох тайван байхыг хичээжээ. Гэсэн хэдий эцсийн мөчид түүний бахархсан сэтгэл тамирчдын жинхэнэ хүч чадлыг камерын дуранд буулгахад тус болсон аж.

Кован камераа маш сайн мэддэг бөгөөд бүх тохиргоог гар аргаар хийдэг.

Үүнийг яг л хөгжмийн зэмсэг тоглож байгаа мэт гэж тэрбээр тайлбарлажээ. Мөн сэтгэл хөдлөл, мэдрэмж нь дүрсэнд шингэдэг гэж тэрбээр үздэг байна. Улмаар мэргэжлийн байдлаа хадгалахыг хичээдэг ч эцсийн дүндээ түүх өгүүлэхээр мөсөн талбай дээр гардаг тул жинхэнэ мэдрэмжээ нуухгүй байсан нь дээр гэж Кован хэлжээ.

Тэрбээр уран гулгалтын тэмцээнийг мөсөн талбай дээр тамирчидтай хамт гарч дүрс бичлэгийг нь авч буй олимпын түүхэн дэх анхны оператор юм. Үзүүлбэрийн үеэр мөсөн дээр гардаггүй ч, хөтөлбөр дууссаны дараа тамирчдын араас ухран гулгаж ойроос нь зураг авдаг. Тэр баяр хөөр эсвэл урам хугарал зэрэг жинхэнэ сэтгэл хөдлөлийг дэлхийн үзэгчдэд болон дэлгэцээр хүргэдэг.

ХҮСЭЛ, ЗОРИЛГЫГ ХОСЛУУЛСАН НЬ

Мөсөн талбайн "нууц дуран"

Кован өмнө нь АНУ-ын өрсөлдөөнт уран гулгалтын бүжигчин байсан бөгөөд 2012 онд зодог тайлжээ. Дараа нь бүжгийн спортын чиглэлээр ажиллаж байхдаа телевизийн нэвтрүүлгээр үзэгчдэд бүжиг сурахыг уриалж, урамшуулж байхыг олж харжээ. Улмаар уран гулгалтыг сурталчилж, хүмүүст мөн адил эерэг нөлөө үзүүлэхийг хүссэнээр бодит дүрс бичлэгийг харуулах зорилгоо олсон байна. 2018 онд тэрбээр “On Ice Perspectives” компанийг байгуулж, уран гулгалтын алдартай бичлэгүүдийг бүтээж, олон нийтийн сүлжээнд байршуулж эхэлсэн.

Түүнчлэн уран гулгалтын чухал хором мөч бүрийг буулгах болсон нь Кованы хувьд хайртай спортоосоо холдохгүй байх арга болсноос гадна кино урлагт дуртай сонирхлоо хөгжүүлэх боломж болжээ.

Милан Кортина наадмын “Olympic Broadcasting Services”-д Кован ажилласан бөгөөд тус байгууллага нь дүрс бичлэгийг үндэсний телевизүүдэд нийлүүлдэг. Тэрбээр АНУ-ын гурван удаагийн аварга шалгаруулах тэмцээн, 2021 оны дэлхийн үзүүлэх тоглолтын гала арга хэмжээ болон олон улсын мөсөн шоунуудыг зургийг авч байсан туршалагтай нэгэн юм. Кован эхлээд уран гулгалтын богино бичлэгүүдийг сошиал сүлжээнд нийтэлж эхэлсэн. Эдгээр бичлэгүүд аажмаар хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Тэр спортыг өөр өнцгөөс харуулсан бүтээлч, туршилтын шинжтэй бичлэгүүд хийсээр цахим сүлжээ дэх дагагчид нь ч нэмэгдсэн. Мөн өрсөлдөөнт уран гулгалтын карьерынхаа үеэс таньдаг байсан тамирчид, дасгалжуулагчидтай хамтран ажилласан байна.

Удалгүй Кован өөрийн ур чадварыг илүү том хэмжээний бүтээлд ашиглаж болохыг ойлгож, янз бүрийн шоу нэвтрүүлгүүдтэй холбогдож эхэлсэн.

Мөсөн талбайн "нууц дуран"

Ингээд удалгүй “Dancing on Ice” телевизийн шоунд мөсөн дээрх анхны камерын оператораар уригдсан. Энэ нь Өвлийн олимпод ажиллах замналынх нь эхний том алхам болсон аж. Учир нь түүний ажил салбарын “зөв хүмүүсийн” анхааралд өртөж эхэлжээ. Кован энэ тухайгаа хэлэхдээ, мөсөн дээр ажиллах нь өөрийгөө уран бүтээлч мэт мэдрэх боломж олгож, чөлөөтэй хөдөлж, дэвшилтэт камерын технологи ашиглан туршилт хийх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Мөн кино зураг авалтын талаар маш их зүйл сургахад тус дөхөм болсон байна.

Дараа нь тэрбээр олимпод ажиллах урилга авсан. Гэхдээ энэ нь зарим маргаан дагуулж магадгүй гэдгийг мэдэж байв. Учир нь олимпын тэмцээний үеэр камерын оператор мөсөн дээр гарч ажиллаж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Мөн зарим хүмүүс мөсийг тамирчдын “ариун” орон зай гэж үздэг тул зураглаач нарт тохиромжгүй гэж шүүмжилж магадгүй байв. Гэсэн ч уран гулгалтын нийгэмлэгийн хүмүүстэй ярилцсаныхаа дараа Кован спортын дамжуулалтыг илүү баяжуулж, үзэгчдийг мөсөн дээр өрнөж буй гайхалтай түүхүүдэд илүү ойртуулж чадна гэдэгт итгэлтэй болсон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн