Словенийн иргэн Александер Чеферин Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сунгаанд дахин оролцохоо аравдугаар сарын 9-нд Женевээс зарлав. УЕФА-гийн ээлжит сонгууль 2027 оны дөрөвдүгээр сарын 22-нд Казахстаны нийслэл Астана хотод товлогдсон.

Тэрбээр үндэсний холбоодын итгэлд талархаж, сүүлийн жилүүдийн хүнд сорилтыг нэг баг болж давсан гэж хэлэв. Цаашид ч томоохон ажил хүлээж байгаа тул холбоодын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Европын хөлбөмбөгийг нэгдмэл, илүү хүчирхэг байлгах, холбоог дараагийн үедээ бэлдэж үлдээх зорилго хэвээр байгааг онцолж, гэр бүлийнхээ дэмжлэггүйгээр ийм шийдвэр гаргахгүй байсан гэж нэмж хэлэв.

Чеферин өмнө нь дараагийн сунгаанд орохгүй гэж байсан шийдвэрээ эргэн харахыг гишүүн холбоод хүссэн байна. 2024 оны хоёрдугаар сард тэрбээр коронавирусийн цар тахал, «Супер лиг»-ийн маргаан, хувийн ашиг сонирхол хөөсөн гэх шүүмжлэлээс болж ядарсан, гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар дахин өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлж байв.

Яг тэр үед УЕФА-гийн их хурал дүрмээ өөрчилж, Чеферинд дөрөв дэх удаагаа нэр дэвших боломж нээсэн. Гишүүн 55 холбоо бүгд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

58 настай Чеферин холбоог 2016 оны есдүгээр сараас хойш удирдаж, 2019 болон 2023 онд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Дүрмээр ерөнхийлөгч гурван удаа сонгогдохыг зөвшөөрдөг ч 2016–2019 оны хугацааг нь бүрэн эрхийн тоонд оруулаагүй байдаг.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн