Дэлхий ертөнц урьд өмнө байгаагүйгээр Хятадын соёлд уусч буй цаг үед та энэ нийтлэлийг унших гэж байна. Цахим сүлжээнд энэ үзэгдлийг “Chinamaxxing” гэж нэрлэх бөгөөд хятад соёлд барууныхан улам уусч, дасч буйг илтгэх юм. Халуун ус ууж буй хүмүүс, Чин гүрний түүхийг сануулах “Adidas”-ын хүрэм гээд хятад сэдэвтэй дүрс бичлэгүүд утасны дэлгэц гүйлгэх хооронд ганц нэгээр тогтохгүй гарч ирж байна. Энэ бичлэгүүд таныг хятад хүн болоход туслана гэж хошигнох контент бүтээгчид ч гарч ирэв.
Нэгэн европ эр Хятадын уламжлалт өглөөний дасгал хийж буй бичлэгээ “Хятад муу залуу болсон миний өглөөний дасгал” гэсэн тайлбартайгаар “TikTok”-т нийтэлсэн нь багагүй хандалт авчээ. Мөн хятад маягаар цай найруулж буй энгийн нэгэн бичлэг даруй 2.4 сая давсан үзэлттэй байна.
Ази тив дэлхийн соёлын төв болж байсан тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Өмнөд солонгосчууд кино, хөгжим, гоо сайхан гээд бүхий л салбарт дэлхийг соёлоороо хэрсэнийг бид өдөр бүр харж байна. Үүний зэрэгцээ Японыг зорих жуулчдын тоо ч байнга дээд амжилт тогтоох болсон. Тэгвэл одоо Хятадын эрин үе ирэв бололтой.
Гэхдээ “Chinamaxxing” үзэгдэл ази соёлын өмнөх давалгаануудаас арай өөр.
Өмнөд Солонгос, Японы хувьд аль аль нь ардчилсан улс бөгөөд АНУ-ын холбоотнууд. Гэтэл Хятад бол авторитар дэглэмтэй, АНУ-ын гол өрсөлдөгч улс.
Хятадын зөөлөн хүчний бодлого Өмнөд Солонгос, Японыг гүйцэх эсэх талаар олон нийт удаан хугацаанд маргалдсаар иржээ. Харвардын их сургуулийн Шинжлэх ухааны түүхийн тэнхимийн судлаач оюутан Тианю Фан хэлэхдээ “Энэ чиг хандлага сүүлийн саруудад өөрчлөгдөж эхэлсэн. Хятад видео тоглоом, хятад кино, цаашилбал Лабубу хүүхэлдэй гэх мэт жижиг сажиг зүйл хүртэл барууныхан, тэр дундаа америкчуудын Хятадын талаарх төсөөллийг эвдэж байна” гэжээ.
Хэдхэн жилийн өмнө л Covid-19 цар тахал азиудыг үзэн ядах үзлийг ид өдөөж байв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тухайн үед байнга арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэлж, Covid-19 цар тахлыг “kung flu” гэж егөөдөн нэрлэж байлаа. Өргөн тархсан энэ үзлээс болоод худалдааны дайн болон бусад хямрал ч гүнзгийрсэн.
Харин одоо энэ чиг хандлага 180 хэм өөрчлөгдсөн. “Z” үеийн америк залуус хятад соёлыг нээлттэй хүлээж авч байна.
Далд агуулгаар нь харвал энэ чиг хандлага америкчуудын эх орондоо сэтгэл дундуур байгааг илчилнэ. Улс төрийн үймээн самуун, галт зэвсэгтэй хүчирхийлэл, цагаачлалын давалгаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гээд америкчуудад сэтгэл дундуур байх шалтгаан мундахгүй олон байна. Энэ бүхэн Америкийн өнгө төрхийг бүдэгрүүлж, залуус дэлхийн нөгөө өнцөгт амьдрал ямар байгаа бол гэж сонирхох болжээ.
Хятадын бараа бүтээгдэхүүн бүх л цаг үед дэлхий даяар тархсан байсан. Харин сүүлийн үед тэд цар хүрээгээ илүү тэлж, технологийн өрсөлдөөнд цойлон гарч ирлээ.
Америкчууд “cool” буюу догь гэх алдрын титмээ Хятадад алдсан уу гэдэг асуулт эндээс урган гарч ирнэ.
Хятадууд барууны анхаарлыг анх удаа татаад байгаа юм биш. Тодруулбал, Хятад улс дэлхий нийтэд нээлттэй болж эхэлсэн тэр он цаг буюу 2000-аад онд барууныхан мандарин хэл сурч эхэлж, аялах, цагаачлах нь ихэсч байв. Бизнес эрхлэгчид болон хувь хүмүүсийн хувьд Азийн аварга улсад татагдах гол шалтгаан нь мэдээж эдийн засаг байсан.
Гэвч Хятад улс сүүлийн 10 жилд илүү дотогшоо чиглэсэн, өөрөө өөртөө түшиглэсэн бодлоготой болсон. Энэ бодлого Covid-19-ийн үеэр оргилдоо хүрсэн билээ. Тэд барууныхны хүссэн шиг ардчилсан, либерал бус улам авторитар болсон.
Тэгвэл өнөөгийн нөхцөлд барууныхны хятадад татагдах гол хүчин зүйл нь эдийн засаг байхаа больжээ. Хятад соёл илүү догь учраас барууныхан Азийн аварга улсыг сонирхож байна. Энэ нь Хятад улс цар тахлын дараа үүд хаалгаа дэлхий дахинд улам том нээсэнтэй холбоотой байж магадгүй юм. Тухайлбал, Хятад улс визний бодлогоо сулруулах, аялал жуулчлалыг дэмжих, “RedNote” гэх шинэ платформтой болох зэрэг хүчин чармайлт гаргасан. Америкчууд “RedNote”-д нэгдсэнээр хоёр өөр хүн ам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ ойр дотно холбогдох болжээ.
АНУ-ын сүүлийн үеийн бодлого шийдвэрүүд ч “Chinamaxxing” үзэгдэл дэлгэрэхэд нөлөөлсөн.
Тодруулбал, Трамп цагаачлалын хатуу бодлого баримталснаар олон улсын оюутнууд АНУ-аас гарч Хятадыг зорив. Судалгааны төсвийг бууруулсан тул шилдэг эрдэмтэд мөн л Хятадыг зорилоо. Трампын тогтворгүй бодлогоос болж АНУ-ын зарим уламжлалт холбоотон Хятадтай холбогдож байна.
Гэмт хэргийн түвшин багатай, хүчирхийлэлгүй, цэвэрхэн, таатай Хятадын хотууд аргагүй барууныхныг татаж байна. Үүний зэрэгцээ дэвшилтэт тээврийн систем, дрон шоу, ногоон эрчим хүчний шилжилт зэрэг гайхалтай зүйлс олон.
“Одоогийн чиг хандлага америкчууд Хятадыг юу гэж бодож байгааг бус америкчууд өөрсдөө өөрсдийгөө юу гэж бодож байгааг харуулж байна” гэж судлаач оюутан Тианю Фан хэлсэн юм.
Эцэст нь дурдахад, ази хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж ирсэн урт удаан түүхээс харвал “Chinamaxxing” үзэгдэл тэгтлээ амь бөхтэй байхгүй ч байж мэднэ. Гэхдээ богино хугацаанд ч болов иймэрхүү чиг хандлага нь улс төр, удирдагчдын шийдвэрээр хуваагддаг хоёр соёлын хооронд дижитал гүүр болж чадах биз ээ.