Английн «Тоттенхэм» болон Швейцарын шигшээд тоглож байсан 55 настай Рамон Вега ФИФА-гийн ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших бодолтойгоо аравдугаар сарын 8-нд илэрхийлжээ. Тэрбээр The Athletic-д өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьсан.

Вега «Энэ спортын төлөө зүтгэхэд миний амьдралын замнал намайг бэлтгэсэн гэж үзээд нэрээ дэвшүүлж байна. Хөлбөмбөгийн спорт, түүний нэр хүнд, хүмүүс болон ирээдүйг хамгаалан дэмжих нь миний үүрэг бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага мөн. Хөлбөмбөгийн гэр бүл дэх итгэлцэл ноцтойгоор суларсан энэ үед би үүнийг сэргээж, ФИФА-гийн нэр хүндийг дахин өндөрт өргөж, дэлхийн хөлбөмбөгийн гэр бүлийг дахин нэгтгэх ёстой» гэжээ.

Нэр дэвшихэд ФИФА-гийн гишүүн дор хаяж таван холбооны дэмжлэг хэрэгтэй.

ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино 2016 оны хоёрдугаар сараас энэ албыг хашиж, дараа нь өрсөлдөгчгүйгээр хоёр удаа сонгогдсон. Дараагийн сонгууль 2027 оны гуравдугаар сард Мароккод болох бөгөөд Инфантино нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр өмнө нь ФИФА-гийн удирдлагад хараат бус аудит хийх санал гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Жианни Инфантиног хүлээн авч уулзаж байв.

Вега 1999 онд «Тоттенхэм»-ийн бүрэлдэхүүнд Английн лигийн цомын тэмцээнд түрүүлж байсан. Швейцарын «Грассхоппер», Италийн «Кальяри», Шотландын «Селтик» багуудад тоглож байжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн