Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн 3, 4 дүгээр түвшний 50 гаруй оюутан 2026 оны аравдугаар сарын 7-нд Монголын хөрөнгийн биржид зочиллоо. Тэд “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл” сэдвээр мэдээлэл авч, мэдлэгээ сорих цахим асуулт-хариултын тэмцээнд оролцжээ. Түрүүлсэн оюутанд “Гүүдсек ҮЦК” ХХК 50,000 төгрөгөөр үнэт цаас авах эрхийн бичиг гардуулав.
“Монголын хөрөнгийн бирж” ХК санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад биржтэй танилцах, сэдвийн хүрээнд мэдлэгээ баяжуулах, практик сургалтад суух боломж олгодог.
Энэ дагуу өнөөдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3, 4 дүгээр курсийн оюутнууд биржид иржээ.
МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулж, төгсгөлд нь нийт оюутны мэдлэгийг сорих цахим тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд түрүүлсэн оюутныг “Гүүдсек ҮЦК” ХХК 50,000 төгрөгөөр үнэт цаас авах эрхийн бичгээр урамшууллаа.
Энэ үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Б.Нандин-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцав.
Тэрээр хэлэхдээ, сургуулийн худалдаа, санхүүгийн чиглэлийн 3, 4 дүгээр түвшний 50 гаруй оюутан биржид ирсэн гэжээ. Тэд “Худалдааны менежмент” хичээлийн хүрээнд “Биржийн худалдаа” сэдвийг судалж байгаа бөгөөд үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаар бодит мэдээлэл авах хүсэлт гаргасан байна.
Дөрвөн жил суралцахдаа байгууллагын ажилтай газар дээр нь танилцах, практикт суурилсан сургалтад төдийлөн суугаагүй тул өнөөдөр ирэхдээ их догдолсон гэж тэр хэлэв. Хичээл дээр онолын мэдлэг авдаг байсан бол одоо үйл ажиллагаатай нь танилцаж, мэргэжлийн хүмүүсээс сонссоноор ойлголт нь тодорхой болсон гэв.
Одоогоор өөрөө хөрөнгө оруулагч болоогүй ч, авсан мэдээллээрээ зах зээлийг судалж, цаашид хөрөнгө оруулагч болохыг хүсэж байгаагаа дурдав.
Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг тул хувьцаа, бондтой холбоотой тооцоо, санхүүгийн үзүүлэлтийг хичээлээр үздэг ч онолыг практиктай холбож ойлгох нь өөр байсан гэжээ. Танилцах сургалтаар өмнө нь хичээл дээр үзсэн зүйлээ бодитоор харж, зах зээлийн талаар илүү практик ойлголт авснаа хэлэв.
