Одон орон судлаачид нарны аймгийн гаднах гараг буюу экзогарагаас ирж буй радио долгионыг анх удаа шууд илрүүлсэн байна. Уг дохио нь харь гарагийн ухаант амьдралын шинж биш, тухайн гарагт хүчтэй соронзон орон байгаагийн нотолгоо гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлхийгээс 63 гэрлийн жилийн зайд орших Beta Pictoris b хэмээх аварга гарагаас давтагдах радио долгион илрүүлжээ. Тус гараг Бархасбадиас ойролцоогоор 12 дахин их масстай. Харвардын их сургуулийн одон орон судлалын профессор Эдо Бергер “Радио дохио гэхээр хүмүүс ихэвчлэн харь гарагийн ухаант амьдралыг хайхтай холбон ойлгодог. Гэхдээ энэ бол огт өөр зүйл” гэж тайлбарлажээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар уг радио долгион нь гарагийн хүчтэй соронзон оронтой холбоотой туйлын туяаны радио цацраг юм. Энэ нь Дэлхий болон Бархасбадь дээр ажиглагддаг туйлын туяатай төстэй үйл явц бөгөөд өндөр энергитэй цэнэгт бөөмс соронзон орны нөлөөгөөр хөдөлснөөр радио долгион ялгаруулдаг байна.
Э.Бергерийн тооцоолсноор Beta Pictoris b-ийн соронзон орон Бархасбадийнхаас дор хаяж 200 дахин хүчтэй байж болзошгүй аж.
Соронзон орон нь гарагийг сансрын өндөр энергитэй цэнэгт бөөмсөөс хамгаалах үүрэгтэй. Тухайлбал, Дэлхийн соронзон орон Нарнаас ирдэг цэнэгт бөөмсийн урсгал буюу нарны салхины нөлөөг сааруулж, агаар мандлыг хамгаалдаг.
Эх сурвалж: CNN
