Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын ерөнхийлөгч Н.Ишигүро 2026 оны 9 дүгээр сарын 30-нд бараалхсан байна.

Уулзалтаар Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарч байгааг мэдээлсэн.

Монгол Улсад ЖЕТРО-ын төлөөлөгчийн газар байгуулах саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, Монголоос Японд нийлүүлэх экспортын барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

ЖЕТРО түнш орондоо олон улсын худалдааны мэргэжилтэн илгээж, Японы зах зээлд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэл, борлуулалтын ноу-хау, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгдөг. Энэ нь хөгжиж буй орнуудын технологи, инновацыг дэмжихэд ач холбогдолтой гэж мэдээлэв.

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Байгууллага Японы барааг гадаадад сурталчлах, Японы хэрэглэгчдэд хэрэгтэй импортын барааг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, бизнесийн төлөөлөгч хүлээн авах үйл ажиллагаа явуулдаг.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн