Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 9 дүгээр сарын 29-нд боллоо.

Хурлаар Улсын Их Хурлаас баталсан Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, Монголбанкны дунд хугацааны стратеги, дотоод хяналт шалгалт болон хөндлөнгийн аудитын асуудлыг хэлэлцэв.

Зөвлөлийн гишүүд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээнд тусгах санал, холбогдох зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөний талаар санал солилцлоо. Мөн Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцаж, хэрэгжилтэд анхаарах асуудлыг ярилцжээ.

Дотоод хяналт шалгалтын 2026 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэж, тайлант хугацаанд хийсэн ажил, шалгалтын үр дүн болон цаашид анхаарах асуудлаар санал солилцов.

Түүнчлэн Монголбанкны жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын явцтай танилцаж, шалгаруулалтад хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд холбогдох асуудлыг хэлэлцэв. Хурлын төгсгөлд зөвлөлийн дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авахаар тогтлоо.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн