Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар USDT стейблкойн гаргагч Tether Limited компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн захирал Куини Ле, тус бүсийн токенизацийн тэлэлт хариуцсан захирал Жед Назиф нар санхүүгийн зохицуулалт, лицензжүүлэлтийн бодлого, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Tether нь крипто зах зээлийн өндөр хэлбэлзлээс хамгаалах, уламжлалт мөнгөн тэмдэгтийг дижитал хэлбэрт шилжүүлэх гүүр болох зорилгоор 2014 онд байгуулагджээ. Блокчэйн технологид суурилсан, дэлхийн анхны стейблкойн USDT өдгөө дэлхийн гурав дахь том крипто хөрөнгө болсон бөгөөд стейблкойны зах зээлийн 61 хувийг дангаараа эзэлж байна.
USDT-ийн ханш АНУ-ын доллартай 1:1 харьцаатай уягддаг буюу 1 USDT үргэлж 1 ам.доллартай тэнцүү байх зорилготой. Зах зээлд гаргасан USDT бүрийн ард компани ижил хэмжээний бодит ам.доллар, АНУ-ын засгийн газрын богино хугацаат бонд болон бусад өндөр хөрвөх чадвартай хөрөнгийг нөөцөд байршуулдаг. Тиймээс USDT-ийг дэлхийн хамгийн өндөр хөрвөх чадвартай, хамгийн их арилжаалагддаг дижитал хөрөнгөд тооцдог. Өдөрт дунджаар 43 тэрбум ам.долларын дүн бүхий 23 сая ширхэг USDT-ийн гүйлгээ хийгдэж байна. Компани Швейцарт хадгалагдаж буй биет алтан гулдмайгаар баталгаажсан Tether Gold (XAUT) токеныг мөн зах зээлд гаргасан байна.
Төлөөлөгчид компанийнхаа талаар “Хүртээмжтэй, аюулгүй бөгөөд үр ашигтай санхүү, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох эрхэм зорилгынхоо хүрээнд Tether нь санхүүгийн үйлчилгээ дутагдалтай иргэд, бүлгүүдэд зориулсан тогтвортой, уян хатан дэд бүтцийг бий болгоход анхаарч, дэвшилтэт блокчейн болон peer-to-peer технологийг ашиглан уламжлалт санхүүгийн систем болон төвлөрсөн бус санхүүгийн боломжуудыг холбох гүүр болохын төлөө ажиллаж байна” гэж хэлэв.
Уулзалтаар гадаад төлбөр тооцоонд USDT стейблкойн ашиглах боломжийг хэлэлцэв. Монгол Улсад гаргах дотоодын стейблкойны бодлого, зохицуулалтыг бий болгоход туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тохиролцсон байна. Компанийн зүгээс Монгол Улс дахь хөрөнгө, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн болон алтыг токенжуулах санал тавьжээ.
