Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаровтой аравдугаар сарын 1-нд албан ёсоор уулзлаа.
Н.Номтойбаяр Төв Азийн чухал түнш Казахстантай уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт гэж хэлэв. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаа бөгөөд төрийн тэргүүн нарын хэлэлцсэн асуудлыг бодит ажил болгоход идэвхтэй ажиллаж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжих тээвэр, логистикийн шинэ дөт маршрут бий болгох, Казахстанаас газрын тосны түүхий эд нийлүүлэх, мөн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхтэй уялдуулан баруун бүсэд халал зах зээлд чиглэсэн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах томоохон үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж дүгнэв.
А.Сапаров Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сард Казахстан улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаанд томоохон түлхэц өгсөн гэж тэмдэглэв. Төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит үр дүнд хүргэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Хоёр улсын худалдааны эргэлт 7.7 хувиар нэмэгдэж, 133 сая ам.долларт хүрсэн ч энэ хэмжээг өсгөх боломж бий гэж А.Сапаров хэлэв. Тээвэр, логистикийн чиглэлээр хамтарч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэв.
Талууд хоёр улсын Ерөнхийлөгчийн ярьж тохирсон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, газрын тосны түүхий эд нийлүүлэх асуудлаар санал солилцлоо.
