Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 2-нд түлш, шатахууны шуурхай штабын хурлыг ахалж хуралдууллаа. Тэрбээр иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал гаргахгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянахыг холбогдох яам, төрийн байгууллагуудад үүрэг болгов.

Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэж хэлэв.

Засгийн газар шатахуун татан авах бүх боломжоо дайчилж, импортлогчдод татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгааг тэрбээр дурдав. Гэтэл компаниуд шатахууныг хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулж, талоноор өгнө, эсвэл дараагийн ээлжийн хүн авна гэж чирэгдүүлж байгааг шүүмжилжээ. Найман хошуутай станц хоёрхон хошуугаар олгож байгаа тухай иргэдийн гомдлыг аж ахуйн нэгжүүд хүлээн авч, станцаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэж хэлэв.

Засгийн газрын татан авчирсан шатахууныг иргэдэд хүндрэлгүй олгоход төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатайг Н.Учрал онцлов. Импортлогчид Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрвэл нэг удаагийн хуулийн төслийг УИХ-д оруулж, тодорхой хугацаанд татаас өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Гааль, төмөр зам, нефть компани, шатахуун түгээх станцаар явж шалгаж буй иргэдтэй уулзаж, орж ирсэн бензин компаниудад хэрхэн хуваарилагдаж байгааг үнэн зөв мэдээлэхийг сайд Г.Дамдиннямд даалгав. АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулахыг анхааруулав. Талон гэх цаасан хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгожээ.

Шуурхай штабын хуралд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл шатахуун тасрах вий гэсэн айдас “паник худалдан авалт” үүсгэж байгааг, зарим компани талоноор шатахуун олгож буйг хэлэв.

2026 оны есдүгээр сард энгийн үеийн хэрэглээнд хүрэлцэхүйц 64,573 тонн АИ-92 орж иржээ. Улсын хэмжээнд шок үүссэн үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000–80,000 тоннд хүрдэг байна.

2026 оны аравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 57,000 тонн АИ-92 автобензин, 94,300 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш, Нефтехимисервис компаниас 30,000 тонн энгийн дизель түлш, Газпромнефть компаниас 1,000 тонн К5 буюу Евро-5 ангиллын АИ-92 автобензин, 5,000 тонн К5 ангиллын дизель түлш авахаар тохиролцсон. Бусад үйлдвэрээс 25,000 тонн энгийн дизель түлш, БНХАУ-аас 8,000 тонн К5 ангиллын АИ-92, 1,000 тонн АИ-95, 10,000 тонн К5 ангиллын дизель түлш, 1,000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12,000 тонн К5 ангиллын АИ-92 автобензин худалдан авах урьдчилсан захиалга хийгджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн