Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн хоёр дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд 2026 оны аравдугаар сарын 1-нд гарын үсэг зурлаа.
Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжиж ирснийг Сангийн сайд З.Мэндсайхан онцлоод, боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж буйд талархал илэрхийллээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр хэлэв.
Төслийн хүрээнд есөн сургууль, таван цэцэрлэг барьж, 17 сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөж, нэг сургуулийн барилгын ажлыг дуусгана. Ингэснээр улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадал 11 мянга гаруй суудлаар нэмэгдэнэ.
“Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслөөр алслагдсан хөдөө орон нутгийн нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд нэг аймгийн нэгдсэн төв эмнэлгийг шинээр барьж, гурван аймгийн эмнэлгийг өргөтгөнө. Мөн 13 байршилд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангана. Долоон боомтод эрүүл мэндийн төв барихаар төлөвлөжээ.
