Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 28. Олон зууны турш урлаг судлаачид, урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн Италийн Сэргэн мандалтын үеийн нэрт зураач Рафаэл Сантигийн хөрөг зураг болон Барокко урлагийн алдарт төлөөлөгч Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримлыг Монголын үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Энэ тухай “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй аж.
Рафаэл Сантигийн хөрөг зураг нь хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөл, хүч чадлыг зөвхөн харцаар хэрхэн илэрхийлж болдгийг уран чадварлаг харуулсан гайхамшигт бүтээл юм. Харин Жан Лоренцо Бернинигийн “Нептун” хүрэл баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүрийг илэрхийлдэг бөгөөд энэхүү бүтээлд Нептуны хүчирхэг бие бялдар, эрч хүчтэй хөдөлгөөн, догшин ширүүн төрхийг хүрлээр маш нарийн, уран сайхны өндөр түвшинд дүрслэн харуулсан хэмээн урлаг судлаачид үнэлдэг ажээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн хосгүй бүтээлийг Монгол Улсад анх удаа авчирч байгаагаараа онцлог. Тухайлбал, Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэлийн бүтээл Ази тивд анх удаа дэлгэж буйгаараа түүхэн ач холбогдолтой. Мөн Барокко урсгалын нэрт төлөөлөгч Лоренцо Бернинигийн уран баримлыг эх орондоо авчирч, үзэгчдэд толилуулах боломж бүрдлээ. Хоёрдугаарт, “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, олон нийтэд толилуулах шинэ боломж нээж байгааг энэхүү үзэсгэлэн харуулж байна. Бид цаашид ч дэлхийн урлаг, соёлын үнэт өвийг Монголын үзэгчдэд хүргэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээн музейн удирдлага мэдээлэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти “Бидний хамтын ажиллагаа 2026 оноос эхлэн шинэ үе шатанд шилжиж байна. Энэ удаагийн уран бүтээлийн солилцооны хүрээнд манай галерейгаас Бернини, бусад уран бүтээлчийн хөрөг зургийн бүтээлүүдийг толилуулж байна. Манай галерей олон жилийн түүхтэй бөгөөд урлаг, соёлын үнэт өвийг хадгалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” хэмээн мэдээллээ.
“Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн хоёр уран бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулж буй үйл явдал биш юм. Харин Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, Итали, Монголын ард түмнийг урлаг, соёлоор холбох, Өрнө, Дорнын соёл иргэншлийг харьцуулсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Энэхүү төслийг Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа онцгойлон өргөжиж буй цаг үед хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалын үеэр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Энэхүү айлчлалын үр дүнд Монгол, Италийн харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд чухал үйл явдал болсон” хэмээв.
“Чингис хаан” үндэсний музей өмнө нь буюу 2024 онд Италийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт зураач Караважогийн “Магдалэний наминчлал” бүтээлийг эх хувиар нь эх орондоо авчирч, үзэсгэлэн гаргаж байсан түүхтэй.
