УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар есдүгээр сарын 22-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд парламент хоорондын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол болон иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хэлэлцэв.

Милтон Дикийн айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Мөн Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо.

Шууд нислэг, визийн нөхцөлийг хэлэлцэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Австрали руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг ажил хэрэг болгох, монгол иргэдэд олгох визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг тавилаа. Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улс ногдол ашиг хүртэж эхэлсэн үр дүнг тогтвортой хадгалах, Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлжээ. Милтон Дик Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, монгол залууст суралцах боломж олгохын төлөө ажиллахаа мэдэгдэв.

Хууль тогтоомжийн туршлага судална

Монголын парламентын үйл ажиллагааг ил тод, иргэдэд нээлттэй болгоход Австралийн туршлагыг судлах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт илэрхийллээ. Тухайлбал, хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах болон залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Австралийн баталсан хуулиудыг судлах санал тавив.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэрэгтэй холбоотой асуудлыг мөн хөнджээ. С.Бямбацогт уг хэрэгт Малайзын шүүхээс гэм буруутайд тооцсон этгээд Австралид оршин байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн байна. Милтон Дик Австралийн хууль сахиулах байгууллагын авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Милтон Дик УИХ-ын дарга С.Бямбацогтод Австрали Улсад албан ёсны айлчлал хийх урилга гардуулсан талаар УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн