Монгол Улсын үндэсний авто замын дижитал удирдлагыг K-Smart замын менежментийн систем ашиглан боловсронгуй болгох тоног төхөөрөмж, системийг ЗТЯ хүлээн авлаа.
Энэ нь ЗТЯ, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох төслийн үргэлжлэл юм.
Авто замын хучилтын нөхцөл байдлыг үнэлэх тусгай зориулалтын автомашин нь LiDAR болон нарийвчлалтай дүрс бичлэг, байршил тогтоох, хиймэл оюунд суурилсан технологи ашиглан замын тэгш бус байдал, дугуйн мөрний ховил, хагарал, бусад эвдрэл, гэмтлийг хөдөлгөөний явцад хэмжиж, бүртгэх боломжтой. Харин чанарын хяналтын явуулын лаборатори нь авто замын материалын туршилт, шинжилгээг хээрийн нөхцөлд шуурхай гүйцэтгэх боломж бүрдүүлж, авто замын барилга, засварын ажлын чанарын хяналтыг сайжруулахад ач холбогдолтой юм. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь үр ашигтай ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагаанд тогтвортой нэвтрүүлэх нь дараагийн чухал зорилт гэдгийг экспертүүд онцолж байлаа.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай хэлэхдээ, “Авто замын салбарт сүлжээний нөхцөл байдлыг тодорхойлох, техник ашиглалтын түвшин тогтоох судалгааг 1997 оноос хийсэн. SSI төхөөрөмжийг 2014 оноос ашиглаж, 2022 оноос лазераар авто замын хучилтын эвдрэл, хагарлыг хэмжигч буюу Romdas систем нэвтрүүлснээр орчин үеийн дэвшилтэт аргаар замын хучилтын эвдрэлийн хэмжээ, засвар арчлалтын хэрэгцээ, ажлыг тодорхойлох болсон. Хэдий ийм ч өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд машин техникийн хүрэлцээ дутагдах, цуглуулсан мэдээллээ боловсруулахад хугацаа их ордог бэрхшээл байлаа. Иймд тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийг ашигласнаар олон улс, улсын чанартай авто замын хучилтын нөхцөл байдлыг цаг алдалгүй, нарийвчлалтай тодорхойлж, эвдрэл, гэмтлийн талаарх үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх боломж нэмэгдэнэ” хэмээн онцоллоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хоёр жилийн өмнө энэ төслийн нээлтэд оролцож байснаа дурдаад, “Монгол Улсын эдийн засаг, тогтвортой хөгжлийг бүтээхийн тулд Монгол орныг бүхэлд нь төмөр болон авто замаар холбож, боловсронгуй удирдлагын тогтолцоо бий болгох нь чухал. Энэ төслийг амжилттай урагшлуулж, тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэн өгч байгаад таатай байна” хэмээв.
Төслийн хүрээнд замын удирдлагын тогтолцооны суурийг бүрдүүлэх мастер төлөвлөгөө, API-д суурилсан авто замын хучилтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх систем, хучилтын нөхцөл байдлыг үнэлэх авто машин, авто замын сүлжээний чанарын хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явуулын лаборатори, монголын авто замын удирдлага, хучилтын чанарын хяналтыг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.
