Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 21 //. БНСУ-аас Монгол Улсад суугаа Улсын ЭСЯ-аас БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн хөгжлийн яам болон БНСУ-ын Солонгос хоолны хөгжлийг дэмжих төвийн дэмжлэгтэй Солонгос үндэсний хоолны тэмцээн болон Солонгосын уламжлалт архины амталгааг KITCHEN STUDIO MN-д з есдүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг “Солонгосын исгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан найз нөхөд, гэр бүлийнхэндээ танилцуулахыг хүссэн бүтээлч солонгос хоол” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд канжан, тэнжан, гучүжан зэрэг Солонгосын исгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон тэдгээрийг ашиглан хийсэн төрөл бүрийн хоолыг Монголын иргэдэд танилцуулж, Монгол, Солонгос хоёр улсын хоолны соёлын харилцан солилцоог өргөжүүлэн, дэлгэрүүлсэн ажил болов.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, “Солонгос-Монгол хоёр улс цаг хугацаа, сэтгэл зүтгэл гарган шинэ амтыг бий болгодог гэдгээрээ нийтлэг зүйлтэй. Исгэсэн хоол хүнс цаг хугацаа өнгөрөх тусам илүү гүн амттай болдог шиг хоёр улсын найрамдалт харилцаа ч улам бүр гүнзгийрэхийг хүсэж байна” гэв.
Тэмцээн эхлэхийн өмнө Элчин сайдын өргөөний тогооч “Солонгос хоол ба исгэлтийн ухаан” сэдвийн хүрээнд Солонгосын уламжлалт жан болон исгэлтийн соёлын талаар танилцуулж, “Хонины хавиргатай галбижим” болон “Тэнжан макжок” хоолыг бэлтгэн үзүүлэв. Ялангуяа Монголд өргөнөөр хэрэглэдэг хонины махыг Солонгосын уламжлалт хоол хийх аргачлалтай хослуулан, солонгос хоолны төрөл бүрийн хэрэглээ, боломжийг харуулсан юм.
Тэмцээнд урьдчилсан шатанд шалгарсан 10 багийн нийт 16 оролцогч оролцож, 60 минутын хугацаанд төрөл бүрийн исгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан бүтээлч солонгос хоол бэлтгэн танилцуулав.
Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа Солонгос ресторан, хоол үйлдвэрлэлийн холбооны нарийн бичгийн дарга Юн Жэ Гён, инфлүүнсер Д.Одзаяа нарын 4 гишүүнээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн амт, бүтээлч байдал, гүйцэтгэл зэрэг шалгуураар оролцогчдын бүтээлийг үнэлэв.
Шалгаруулалтын дүнгээр “Кимчижим, тэнжанжигэ, самжан соустай самгёбсал кимбаб” хоолыг бэлтгэсэн О.Хулан тэргүүн байр эзэллээ. Мөн гучүжан болон тэнжанжигэг хослуулан хийсэн монгол хэв маягийн хоол, тахианы махаар бэлтгэсэн жапчэ зэрэг хоол шагналт байрт шалгарчээ.
Шагналт байрт шалгарсан оролцогчдод өргөмжлөл болон шагнал гардуулж, бүх оролцогчдод гучүжан зэрэг 7 төрлийн исгэсэн хүнсний бүтээгдэхүүн, Солонгосын жимс, Жэжү арлын гахайн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багцыг гардууллаа. Ингэснээр оролцогчид дараа нь гэртээ солонгосын хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан төрөл бүрийн хоол хийх боломжтой болсон юм.
Мөн үеэр Солонгосын уламжлалт архины амталгаа зохион байгуулав. Тухайлбал, “Ёюү 40”, “Гамүчи 25”, “Country Campbell Sweet” зэрэг уламжлалт архины 3 төрөл, Солонгосын жимс болон гахайн махыг танилцуулж, зочид, оролцогчид архи тус бүрийн үүсэл, онцлогийн талаар тайлбар сонсон амталгаа хийв.
