МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 22 /BBC/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойших Төрийн Думын анхны сонгууль боллоо. Тус улсын Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээллээр, “Нэгдмэл Орос” нам 450 суудлын 355-ыг авч, урьд өмнө байгаагүй өндөр амжилт үзүүлэхээр байна.
Албан ёсны мэдээллээр, Украинтай хиллэдэг Оросын бүс нутгуудад эрх баригч нам дайны бүсээс орших нутаг дэвсгэрүүдийнхээс дунджаар илүү өндөр хувийн санал авчээ. Түүнчлэн дайнд оролцсон 49 хүн депутат болсон гэж “Нэгдмэл Орос” нам мэдэгдсэн байна. Хэрэв тэд парламентад өөрсдийн бүлгийг байгуулбал Коммунист намын бүлэгтэй дүйцэхүйц байх ажээ..
Сонгуулийн төв хорооны албан ёсны мэдээллээс үзвэл, дайн эхэлснээс хойших Төрийн Думын анхны сонгуульд өмнөхөөсөө хамгийн их ахиц гаргасан нь “Нэгдмэл Орос” нам байна. Тус нам Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн цагаас хойш Владимир Путиний цэргийн бүх санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд парламентад суудалтай бусад нам ч мөн адил байр суурь илэрхийлж байжээ.
Саналын хуудсын 97.37 хувийн тоолсны дараах байдлаар, намын нэрсийн жагсаалтаар “Нэгдмэл Орос” нам 57.96 хувийн санал авч тэргүүлж байна. Харин Коммунист нам 13.67 хувь, Либерал ардчалсан нам 8.96 хувь, “Шинэ хүмүүс” нам 7.96 хувийн санал авчээ. Энэ нь даваа гаргийн үд дунд гаргасан Сонгуулийн төв хорооны урьдчилсан дүн юм.
Түүнчлэн “Шударга Орос” нам 5.1 хувийн санал авч, 5 хувийн босгыг давсан байна. Даваа гаргийн өглөө тус намын авсан санал 4.96 хувьтай босгоос доогуур байсан хэдий ч Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова хэвлэлийн хурлын үеэр “Шударга Орос” намд 5 хувийн босгыг давах “боломж хэвээр байгаа” гэдгийг мэдэгдсэн байна. Үүнээс ойролцоогоор хагас цагийн дараа тус намын санал 5 хувьд хүрчээ.
Даваа гаргийн өглөөний байдлаар нэг мандаттай тойргуудад “Нэгдмэл Орос” намын нэр дэвшигчид 225 тойргийн 208-аас доошгүйд нь тэргүүлж байжээ. Коммунист намын нэр дэвшигчид тав, “Шударга Орос” намын нэр дэвшигчид дөрөв, Либерал ардчилсан намын нэр дэвшигчид хоёр тойрогт тус тус тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн тойрогт бие даан нэр дэвшигчид, нэг тойрогт “Родина” намын нэр дэвшигч тэргүүлж байна.
Сонгуулийн төв хорооноос өглөө нийтэлсэн урьдчилсан мэдээллээр, “Нэгдмэл Орос” нам Төрийн Думд 355 суудал, Коммунист нам 40, Либерал ардчилсан нам 25, “Шинэ хүмүүс” нам 20 суудал авахаар байв. Гэвч “Шударга Орос” нам 5 хувийн сонгуулийн босгыг давж, намын нэрсийн жагсаалтаар дөрвөн мандат авах төлөвтэй болсон тул суудлын харьцаа өөрчлөгдөнө. РБК цахим хуудсанд тооцоолсноор, энэ тохиолдолд “Нэгдмэл Орос” нам намын нэрсийн жагсаалтаар зургаан суудлаар цөөн мандат авч, улмаар нийт мандатын тоо нь мөн цөөрөх аж.
Гэсэн хэдий ч шинэ Төрийн Думд “Нэгдмэл Орос” намын бүлэг түүхэн дэх хамгийн олон гишүүнтэй бүлэг болох төлөвтэй байна. Өмнө нь тус намын хамгийн олон гишүүнтэй бүлэг 2016 онд 343 депутатаас бүрдэж байжээ. 2021 онд буюу Украинд дайн эхүүлэхээс өмнө тус нам 324 мандат авч байсан байна.
Сонгуулийн төв хороо сонгуулийн эцсийн дүнг есдүгээр сарын 25-нд танилцуулахаар төлөвлөж байна. Сонгогчдын ирц 59.32 хувьтай байсан гэж Э.Памфилова даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь “ийм хэмжээний сонгуулийн” хувьд хамгийн дээд үзүүлэлт аж.
Албан ёсны мэдээллээр, сонгогчдын ирц 1993 онд болсон парламентын сонгуулийн 54.8 хувь, 2003 оны 55.7 хувь, 2016 оны 47.8 хувь, 2021 оны 51.7 хувийн үзүүлэлтээс өндөр байна. Гэхдээ Төрийн Думын өмнөх хэд хэдэн сонгуульд оролцсон сонгогчдын ирц одоогийнхоос өндөр байжээ. Тухайлбал, 1995 онд 64.7 хувь, 1999 онд 61.8 хувь, 2007 онд 63.78 хувь, 2011 онд 60.2 хувьд хүрч байсан байна.
Хилийн чандад оршин суугаа Оросын иргэд хэрхэн санал өгсөн бэ?
Сонгуулийн төв хорооноос даваа гаргийн 13:00 цаг гэхэд нийтэлсэн мэдээллээр, зарим хэсэгт “Нэгдмэл Орос” нам тэргүүлж чадаагүй байна. Тухайлбал, Орсоын цэргүүд Украин руу халдан довтолж эхэлсний дараа, мөн дайчилгаа зарласны дараа оросууд олноороо очсон хэд хэдэн улс дахь санал хураалтын дүн ийм байсныг “Агентство” хэвлэлд /“гадаадын агент”-аар бүртгэгдсэн/ онцолжээ.
Тус хэвлэл хилийн чанд дахь 27 санал авах байрны сонгуулийн дүнд дүн шинжилгээ хийсэн. Үүнээс 18-д нь “Нэгдмэл Орос” нам ялж чадаагүй бөгөөд эдгээр бүх санал авах байранд “Шинэ хүмүүс” нам тэргүүлжээ. Мөн ихэнхэд нь “Нэгдмэл Орос” нам Коммунист намд ялагдаж, гуравдугаарт орсон байна.
Ерөнхийдөө хилийн чанд дахь санал авах байруудаас ирсэн санал хуудсын тодорхой хэсгийг тоолсон дүнгээр “Нэгдмэл Орос” нам 39.58 хувь, “Шинэ хүмүүс” нам 24.49 хувь, Коммунист нам 16.99 хувийн саналыг тус тус авчээ.
Сөрөг хүчний улс төрийн аль ч нам эрх баригчид болон тэдний холбоотнуудыг дэмжихийг хүсээгүй сонгогчдыг энэ удаагийн сонгуулиар “тогтолцооны сөрөг хүчин” гэж нэрлэгддэг намуудаас тодорхой нэг намд санал өгөхийг уриалсангүй. Харин сонгуулийн босгыг давах нь тодорхой нэг намыг сонгохыг зөвлөсөн байна. Төрийн Думд сонгогдсон улс төрийн бүх нам болон тэдгээрийн удирдлагууд өмнө нь ямар нэгэн байдлаар дайныг дэмжиж байжээ.
Европын дипломат албаны тэргүүн Кайя Каллас даваа гарагт мэдэгдэхдээ, 2026 он гэхэд “Орост ардчилал гэдэг зүйл зөвхөн хэлбэр төдий л үлдсэн” гэжээ. “Төрийн Думын сонгууль хэмээн нэрлэгдэж буй энэ үйл явдал ОХУ-ын ардчилалд дахин нэг том цохилт боллоо. Сонгуулийн дүн хэзээ ч эргэлзээ төрүүлж байгаагүй. Кремль үзэл бодол нь зөрдөг хүмүүсийн дуу хоолойг хааж, Украин дахь дайныг нь эсэргүүцэж байсан цорын ганц бүртгэлтэй намыг хориглож, олон улсын сонгуулийн ажиглагчдыг оролцуулаагүй” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.
К.Каллас мөн “Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт энэхүү дүр эсгэсэн сонгуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг” чиглэсэн хориг арга хэмжээг өргөжүүлэх санаачилга гаргахаа мэдэгдсэн байна. Европын Холбоо Украины эдгээр бүс нутагт явуулсан санал хураалт, сонгуулийн дүнгийн аль алиныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
