Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Тэрбээр “Нийслэлийн иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэсэн байна.
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Тэгвэл НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явдаг замыг дөрвөн эгнээ болгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг шинэчилснээр Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлснээр хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
