Сибирийн Красноярскийн хязгаарт 66 настай эмэгтэй баавгайн дайралтад өртөж нас барсныг хууль сахиулах байгууллагууд есдүгээр сарын 16-нд мэдээлжээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо хохирогч эмэгтэйн цогцсыг Москвагаас зүүн зүгт ойролцоогоор 3400 км зайд орших алслагдсан Верхний Кебеж тосгоноос олсон байна.

Энэ хэргийн дараахан Алс Дорнодын Камчаткийн хойг дахь Палана тосгоны нэгэн сургуулийн хашаанд баавгай орж иржээ. Мөн тус баавгайг буудан устгасан талаар албаныхан мэдээлжээ.

ОХУ даяар энэ он гарсаар баавгайн дайралт нэмэгдэж байгааг энэ мэтчилэн мэдээлэх болсон. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, энэ он гарсаар ойролцоогоор 20 удаагийн халдлага бүртгэгдсэн аж. Гэхдээ тэдгээрийн хэд нь хүний амь хохироосон тохиолдол болохыг тодорхой мэдээлсэн зүйлгүй байна. Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зөвхөн өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд Сибирьт баавгай дор хаяж таван хүний аминд хүрчээ.

Гэхдээ ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны яам энэ мэдээллийг няцааж байна. Тус яамны мэдээлж буйгаар, жилдээ 20-30 тохиолдол тогтмол бүртгэгддэг гэнэ. Харин 2014 онд 166 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Олон нийтийн сүлжээнд бичлэгүүд ил тод нийтлэгдэх болсноор иргэдийн дунд айдас түгшүүр урьд өмнөхөөс илүү нэмэгдэж байгааг тус яам онцолжээ.

Дашрамд дурдахад, Орост хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, одоогийн байдлаар 307 мянга болжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн