Франкфуртын нисэх онгоцны буудлын зургаан ажилтан долдугаар сард хумхаа өвчний хамгийн хүнд хэлбэрүүдийн нэг болох “malaria tropica”-гаар халдварласан. Тэдний хоёр нь нас барсан юм. Хумхаа нь шумуулаар дамждаг, амь насанд аюултай өвчин бөгөөд Германд маш ховор тохиолддог. Өвчин нь хүнээс хүнд шууд халддаггүй. Харин халдвартай хүнийг хазсан тодорхой төрлийн шумуул дараа нь өөр хүнийг хазах үед халдвар дамждаг.
Франкфуртын нисэх онгоцны буудлыг ажиллуулдаг “Fraport” компани долоо, наймдугаар сард шумуул барих зориулалттай хавх байршуулсан байна.
Дараа нь баригдсан шавжуудыг Бельгийн Антверпен хотын лабораторид шинжлүүлэхээр илгээжээ. Гэвч шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Эрүүл мэндийн байгууллагууд нисэх буудлын ойролцоох эмч нарт халуурсан өвчтөнд хумхаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарахыг зөвлөжээ. Мөн нисэх буудлын ажилчид болон ойролцоох оршин суугчдад халуурах, дагжин чичрэх, толгой өвдөх, ухаан санаа будилах, таталт өгөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг анхааруулсан байна. Нисэх буудлын төлөөлөгч мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, шаардлагатай тохиолдолд агаарын тээврийн компаниудад онгоцоо ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авахыг шаардах эрхтэй гэж мэдэгдсэн байдаг.
Хэдийгээр зөвхөн нисэх буудалд халдварын тохиолдол бүртгэгдсэн гэж иргэд үзэж байсан ч халдварын улмаас нас барсан хүний тоо нэгээр нэмэгдсэн байна. Нас барсан хүн Франкфуртын Шванхайм дүүрэгт амьдардаг бөгөөд тус хотын эмнэлэгт эмчлүүлж байсан талаар хотын захиргаа Пүрэв гаригт (2026.09.17) мэдээлжээ. Тэрбээр тус дүүрэгт бүртгэгдсэн хумхааны хоёр шинэ тохиолдлын нэг байсан аж.
Шинээр халдвар авсан хоёр хүн “Plasmodium falciparum” хэмээх хумхаа үүсгэгч шимэгчээр халдварласан байжээ. Тэд хумхаа тархсан орон руу аялж байгаагүй бөгөөд нисэх онгоцны буудалд ажилладаггүй байсан аж.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, тэд нисэх онгоц эсвэл ачаа тээшээр Германд орж ирсэн шумуулд хазуулж халдвар авсан байж болзошгүй байна.
