ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 18 /cepa.org/. Киргиз, Тажикистан, Узбекистан, Казахстан улсууд ЗХУ задарсны дараа тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрч, өөрсдийн эдийн засаг, гадаад бодлогыг хөгжүүлсээр ирсэн хэдий ч эрчим хүчний аюулгүй байдал зэрэг чухал салбарт төдийлөн өөрчлөлт гарсангүй. Эдгээр улс Кремлиэс ихээхэн хамаарсан хэвээр байна.

Холын зайн нислэгийн дронуудаар Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн Украины дайралтууд улам бүр амжилттай болж эхэлснээр хямрал энэ хавар, зунаас эхэлжээ. Долоодугаар сарын 6-нд нисгэгчгүй онгоцнууд Украины хилээс 2 700 орчим км-ийн зайд орших Омскийн газрын тос боловсруулах үйлдвэрт анх удаа хүрч, Оросын хамгийн том боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрсэн.

Омскийн үйлдвэр нь дроны цохилтод өртсөн газрын тос боловсруулах 11 дэх үйлдвэр байсан бөгөөд Төв Азийн орнууд, Монгол Улс руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гол үйлдвэр байв. Оросын эрх баригчид бүс нутгуудаа түлшээр хангахыг нэн тэргүүнд тавьснаар нийлүүлэлт тасалдсан байна. 

Монгол Улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд хэзээ ч байгаагүй боловч энэ хямралд хамгийн их өртжээ. Учир нь тус улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог. Үүний улмаас Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, шатахууны борлуулалтыг ихээхэн хязгаарлажээ. 

АНУ, Израил улсууд Ираны эсрэг дайн явуулсны улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үүний дараа Хятад улс газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоосон оны эхээр шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүсэж болзошгүйг илтгэсэн шинж тэмдгүүд аль хэдийн ажиглагдаж эхэлсэн байв. Өөр ямар ч боломжит хувилбар байгаагүй тул шатахууныхаа нийт хэрэгцээг Оросын импортоор түр зуур хангахаас өөр гарцгүйг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын мэдэгдсэнээр, тус улс мөн Оросын шатахуунаас “бүрэн хамааралтай” байгаа бөгөөд тэрбээр жилд 450 мянган тонн боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барих ажлыг эрчимжүүлжээ. Уг үйлдвэр нь эхний ээлжинд улсынхаа нийт хэрэгцээний 25 хувийг хангаж чадах аж. Харин шатахууны хэрэгцээг бүрэн хангахын тулд дор хаяж хоёр ийм үйлдвэр нэмж барих шаардлагатай гэдгийг С.Жапаров мэдэгджээ. 

Долоодугаар сард Оросоос Тажикистан руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ хоёр дахин буурсан бол нисэх онгоцны түлшний нийлүүлэлт бүрэн зогсжээ. Тажикистаны эрх баригчид Казахстан, Узбекистан, Туркменстанаас нийлүүлэлтийн өөр эх үүсвэр олохыг оролдсон боловч төдийлөн амжилтад хүрээгүй байна. Тус улс жил бүр ОХУ-тай шатахууны нийлүүлэлтийн хэмжээг хэлэлцэн тохирдог бөгөөд энэ зохицуулалт нь зах зээлийн энгийн арилжаанаас илүүтэйгээр жил бүр давтагддаг улс төрийн тохиролцоотой төстэй.

Харин Узбекистан энэ хямралд хөрш орнуудаасаа харьцангуй бага өртсөн. Учир нь тус улс хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг дотоодоос хангадаг газрын тос боловсруулах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч шатахууныхаа бараг тал хувийг ОХУ-аас авдаг хэвээр байна.

Казахстаны хувьд газрын тос боловсруулах гурван үйлдвэртэй бөгөөд дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэндээ бүхэлд нь хангадаг тул хамгийн бага хохирол амссан байна. Гэвч үйлдвэрлэлийн нэмэлт хүчин чадал хязгаарлагдмал тул хөрш орнууддаа төдийлөн тусламж үзүүлж чадаагүй.

Казахстан жилд 90 орчим сая тонн газрын тос олборлодог боловч дийлэнхийг боловсруулаагүй түүхий хэлбэрээр экспортолдог бөгөөд дөнгөж 18 орчим хувийг нь дотооддоо боловсруулдаг байна. Газрын тос боловсруулах дахин нэг үйлдвэр барих асуудлыг 17 жилийн турш хэлэлцсээр иржээ.

Энэхүү хямрал нь нийлүүлэлтийн түр зуурын хүндрэлээс илүүтэй бүс нутгийн эрчим хүчний хангамжийн бүтцийн эмзэг байдлыг ил болголоо.

Дээрх таван улс бүгд далайд гарцгүй бөгөөд өөр эх үүсвэрээс нийлүүлэлт авахын тулд хөрш орнууд, тэр дундаа ОХУ эсвэл БНХАУ-ын нутгаар дамжих шаардлагатай. Каспийн тэнгисээр дамжуулан Азербайжан, цаашлаад Иранаас газрын тосны бүтээгдэхүүн авах боломжтой хэдий ч ийм хувилбарыг хэрэгжүүлэхэд дэд бүтэц бий болгох, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, мөн улс төрийн түвшинд шийдвэр гаргах шаардлагатай.

Түлш шатахууны үнэ өсөх нь олон нийтийн томоохон эсэргүүцэл, үймээн самуун дэгдээж байсан тохиолдол тус бүс нутагт гарч байсан. Тухайлбал, Казахстанд 2022 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал хийн үнэ огцом өссөний дараа эхэлж байсан бол Монгол, Тажикистанд үүсээд буй шатахууны хомсдол, үнийн огцом өсөлт эдийн засгийн асуудал төдий бус улс төрийн хурцадмал байдал үүсгэж болзошгүй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн