МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 18 /RIA Novosti/. ОХУ-ын Төрийн Думын болон бүх нийтийн санал хураалтын нэгдсэн өдрийн хүрээнд зохион байгуулж буй бусад сонгууль тус улсад эхэлжээ.
Камчаткийн хязгаар, Чукоткт санал авах эхний байрууд нээгдсэн байна. Үүнээс нэг цагийн дараа Магадан муж, Сахалин, Курилийн арлуудад санал хураалт эхэлж, улмаар Приморь, Хабаровын хязгаар, Еврейн өөртөө засах мужид нээгдсэн байна. .
Сонгууль есдүгээр сарын 18-20-ныг хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ-ын иргэд 20.7 мянган депутат болон засаг захиргааны тэргүүн нарыг сонгоно.
Сонгогчид уламжлалт цаасан хуудсаар санал өгөхөөс гадна, оршин суугаа газраасаа хүсэлт гаргах замаар санал өгөх боломжтой. ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфиловагийн хамгийн сүүлийн мэдээллээр, дөрвөн сая гаруй сонгогч цахимаар санал өгөхөөр бүртгүүлжээ.
ОХУ-ын шинэ нутаг дэвсгэрүүд болон үйл ажиллагааны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа найман бүс нутагт санал хураалтыг зохион байгуулах тусгай зохицуулалтыг хийжээ. Мөн хилийн чандад байгаа Оросын иргэд Холбооны сонгуулийн тойргийн хүрээнд Төрийн Думын сонгуульд оролцох боломжтой. Дэлхийн 152 улсад нийт 333 санал авах байр ажиллана.
ОХУ-ын 37 бүс нутагт наймдугаар сарын 30-наас эхлэн хугацаанаас өмнө санал хураалт явуулсан байна. Есдүгээр сарын 16-ны байдлаар 203 952 сонгогч саналаа өгсөн бол хилийн чандад 14 мянга гаруй хүн санал хураалтад оролцжээ.
Төрийн Думын 9 дэх удаагийн сонгуульд холбооны сонгуулийн тойргоор “Нэгдмэл Орос”, Оросын Либерал ардчилсан нам, Шууд ардчиллын нам, “Ногоон нам”, “Шударга Орос”, “Эх орон”, Коммунист нам, Тэтгэврийн ахмадуудын нам, “Оросын коммунистууд” болон “Шинэ хүмүүс” гэсэн 10 нам оролцож байна. Үүнээс гадна, сонгогчид нэг мандаттай 225 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдэд санал өгнө.
