Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “Инженер, технологийн дээд боловсрол” буюу M-JEED төсөл, ШУТИС, МУИС, Хөдөө аж ахуйн сургууль хамтран “Монгол-Японы хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2026” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа Монгол, Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи, инновац, бизнесийн бодит хэрэглээтэй холбох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Нээлтийн үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Японы хамтын ажиллагаа боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс гадна судалгаа, технологи, инновац, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж буйг онцоллоо.

Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, тус төслийн хүрээнд бий болсон судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох дараагийн үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Төслийн зөвлөх Б.Мөнхтулга “1000 инженер” төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулсан бол ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар ШУТИС-д хэрэгжсэн төслийн хэрэгжилт, үр дүн, сургалт, судалгааны орчинд бий болсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

“1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС-ийн инженерийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, багш, судлаачдыг чадавхжуулах, сургалт-судалгааны лабораторийн орчныг сайжруулах, Монгол, Японы хамтарсан судалгааг хөгжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хэрэгжсэн. Тухайлбал, төслийн хүрээнд ШУТИС-ийн 44 лабораторид 131 нэр төрлийн 1,469 ширхэг багаж, тоног төхөөрөмж нийлүүлжээ. “1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС нь Японы бизнесийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, Япон Улсын 10 консорциум их сургууль, мөн судалгааны түвшинд 40 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлээд байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь судалгааны үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд танилцуулах бус, судалгааг бодит хэрэглээ, технологи, бүтээгдэхүүн, бизнесийн үнэ цэнтэй холбох зорилготой. Монгол-Японы хамтын ажиллагаа ийнхүү инженерийн боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс судалгаа, инновац, технологи, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж байгааг албаныхан тодотгож байлаа.

Хуралдааны үеэр Монгол, Японы хамтарсан судалгааны багуудын бүтээл, судалгааны үр дүнг танилцуулсан үзэсгэлэн, постер танилцуулга, networking уулзалт зохион байгуулав.

Судалгааны үндсэн хуралдааныг Биотехнологи, Шинэ болон дэвшилтэт материал, Байгаль орчин, Цэвэр, сэргээгдэх эрчим хүч, Дижитал технологи, Хөдөө аж ахуй, хүнсний технологи гэсэн 6 чиглэлээр зохион байгуулав.

ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид дээрх чиглэлүүдээр Монгол, Японы судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, технологи дамжуулалт болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн