Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен есдүгээр сарын 16-ны өдөр “State of the Union” уламжлалт илтгэлээ тавилаа. Энэхүү илтгэлээр Европын комиссын ерөнхийлөгч өнгөрсөн онд юу хийснээ, ирэх онд юу төлөвлөж байгаагаа танилцуулдаг.
Урсула фон дер Лейен энэ удаагийн илтгэлдээ 15-аас доош насны хүүхдүүдийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах хуулийн төслийн тухай дурджээ. Тэрбээр хүүхдийн цахим хэрэглээний талаар хэлэхдээ “Аав ээж нар төлөөсийг нь өдөр шөнөгүй л харж байгаа. Нойргүйдэл, түгшүүр, цаашилбал өөрийгөө гэмтээх гээд л. Амь насаа алдахад хүргэж буй эмгэнэлтэй тохиолдлууд ч гарсан” гэжээ.
Хуулийн төсөлд зааснаар 13-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэх хориотой. Харин 13-15 насныхан эцэг эх, асран хамгаалагчийнхаа хяналт дор хаяг нээх боломжтой. Мөн цахим сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид 15-аас 18 насны хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлэх үүрэгтэй байх тухай хуулийн төсөлд тусгажээ.
Дашрамд дурдахад, Их Британи, Украин зэрэг гишүүн бус орнуудыг багтаасан аюулгүйн зөвлөл байгуулах асуудлыг Урсула фон дер Лейен цухуйлгасан байна. Мөн Канад улстай батлан хамгаалах, ашигт малтмал болон бусад салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх “холбоот гишүүний” түншлэлийн харилцаатай байна гэжээ.
