АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа Израильд 2.8 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, сум хэрэгсэл худалдахаар төлөвлөж байна. Үүнд тус бүр 2,000 фунт буюу ойролцоогоор 907 кг жинтэй 40 мянган тэсрэх бөмбөг багтах аж.
АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, багцад 20 мянган “MK-84”, 20 мянган “BLU-117” бөмбөг багтсан. Мөн 20 мянган I-2000 нэвтлэгч хошуу багтсан талаар “The Washington Post” мэдээлжээ.
Уг зэвсгийн худалдааны талаар АНУ-ын Конгрессын холбогдох хороодод урьдчилсан байдлаар мэдээлсэн байна. Гэхдээ хэлэлцээ эцэслэн батлагдаагүй байгаа аж. Үүнээс гадна 40 мянган тэсрэх бөмбөгийг Израиль Газын зурвас болон Ливанд өмнө нь ашиглаж байсан бөгөөд хүн ам шигүү суурьшсан бүсэд хэрэглэхэд энгийн иргэдэд их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены захиргаа 2024 онд Газын зурваст энгийн иргэд олноор хохирох эрсдэлтэй гэж үзэн ийм төрлийн бөмбөгийн нийлүүлэлтийг түр зогсоож байсан. Харин Трамп 2025 онд албан тушаалдаа эргэн ирсний дараа нийлүүлэлтийг сэргээсэн байна.
Израиль Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа “өөрийгөө хамгаалах зорилготой” гэж тайлбарладаг. Харин НҮБ-ын мөрдөн шалгах комисс Израилийг Газад геноцид үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд Израиль уг дүгнэлтийг няцаадаг.
