Сөүл хотод орших Мишелиний хоёр одтой “Evett” ресторан хоолны чимэглэлдээ шоргоолж ашигласан хэргээр торгуулжээ. Рестораны эзнийг 15 сая вон буюу ойролцоогоор 10,892 ам.доллар, харин рестораныг ажиллуулдаг компанийг 10 сая вон буюу 7,262 ам.доллараар торгосон байна. Тэднийг Хүнсний эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Өмнөд Солонгост хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн 10 төрлийн шавж байдаг ч шоргоолж уг жагсаалтад багтдаггүй. Харин царцаа, дэвхрэг болон зарим төрлийн хүр хорхойн авгалдайг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Прокурор рестораны эзнийг нэг жилийн хорих ял, мөн 14,524 ам.доллараар торгохыг хүссэн. Харин эзэн нь хэргээ хүлээснээр шүүх өмнө нь ял шийтгэл авч байгаагүйг нь харгалзан үзэж, торгох болсон байна. Гэсэн хэдий ч шоргоолжноос зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хүнд металл илэрсэн нь асуудлыг ноцтой болгож байна гэж шүүх үзсэн байна.

Рестораны эзэн шоргоолжийг хүнсэнд хэрэглэхийг Өмнөд Солонгост хориглодгийг мэдээгүй бөгөөд бусад улс оронд хүнсэнд хэрэглэдэг учраас хууль зөрчөөгүй гэж ойлгож байсан гэжээ. Тус ресторан шоргоолжийг сорбет зэрэг зарим амттаны дээр цацаж, исгэлэн амт оруулдаг байжээ.

Нэг порцод 3-5 шоргоолж ашигладаг байсан бөгөөд бараг дөрвөн жилийн хугацаанд нийт 49 мянга орчим шоргоолж хэрэглэсэн гэсэн үг юм.

Шоргоолжны ихэнхийг АНУ-аас, заримыг нь Тайландаас импортолж байжээ. Энэ зөрчил Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам рестораны талаарх зурагтай цахим сүлжээний сэтгэгдлүүдийг илрүүлснээр ил болсон байна.

Рестораны эзэн шоргоолжийг 15 төрлийн хоол бүхий цэсний зөвхөн багахан хэсэгт ашигладаг байсан бөгөөд үйлчлүүлэгчдэд шоргоолжгүй өөр төрлийн чимэглэл сонгох боломж олгодог байсан гэж тайлбарлажээ.

Шоргоолжийг Ази, Африк болон Латин Америкийн зарим оронд хүнсэнд хэрэглэдэг. Тухайлбал, Тайланд, Камбожид нэхмэлчин шоргоолж болон түүний өндгийг хоолонд ашигладаг. Колумбид хатан шоргоолжийг түрс шиг үнэтэй хүнс гэж үздэг байна.

Дашрамд дурдахад, Мишелиний гарын авлагын үнэлгээгээр хоёр одтой ресторан нь “маш сайн хоол хийдэг” бөгөөд “зорьж очиход үнэ цэнтэй” ресторан гэсэн үнэлгээг илэрхийлдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн