Дайсан зогсолтгүй гал нээж байхад суман мөндөр рүү шумбаж орсон, дроны аюулыг үл тоосон, бууж өгөхийн оронд амиа золиослохыг сонгосон, тэгээд мянга мянгаараа амь үрэгдсэн цэргүүд бол хойд солонгосчууд. Ким Жон Ун 2024 оны сүүл үед 13 мянга орчим цэргээ Оросын талд тулалдуулахаар илгээсэн байдаг. Гэвч энэ шийдвэрийнхээ төлөө өндөр төлөөс төлж, 3000 цэргээ алдсан юм.
Курскийн тулаанаас хойш хойд солонгос цэргүүдийн сураг алдарсан ч Зеленскийн саяхан мэдэгдсэнээр Ким Жон Ун дахин 50 мянган цэргээ байлдаанд илгээж магадгүй байна.
Гэвч ур чадвараар дутмаг цэргүүдээ байлдааны талбарт илгээж төдий их хохирол амсчихаад Хойд Солонгос яагаад дахин ийм шийдвэр гаргав? Эхний ээлжинд ирсэн тэр олон цэргийн хувь заяа хэрхэн төгсөв?
“Asan” улс төрийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ян Ук хэлэхдээ “Тэд нутаг буцаагүй. Одоогоор Оросын нутаг дэвсгэрийг Украины довтолгооноос хамгаалж байгаа. Бас байлдааны бус үүрэгтэй инженер болон бусад ажилчин Донбасст байж магадгүй” гэжээ.
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар ч энэ мэдээллийг баталж буй юм. Тэдний мэдээлснээр, Оросын нутаг дэвсгэр дээр одоо ч 8500 орчим хойд солонгос цэрэг бий. Тэд дөрвөн бригадад хуваагдсан бөгөөд одоогоор идэвхтэй байлдаанд оролцоогүй байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа төдий олон тооны цэргээ гадаадад илгээсэн юм. Тус улс 1973 онд дэгдсэн Йом Киппурын дайнаар Египет рүү 1500 цэргээ илгээж байв. Үүнээс өмнө 1960-аад оны сүүлээр Вьетнамын дайнд 87 нисгэгчээ илгээжээ.
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨХ ЭРМЭЛЗЭЛ БАЙЛДААНЫ УР ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХГҮЙ
Курскийн байршуулалт бол Ким Жон Уны хувьд мөрий байсан. Хэдийгээр цус их урссан ч гэлээ тусгаарлагдсан, ядуу улсын хувьд энэ нь хожил байв. Эдийн засгийн хувьд ч, цэрэг армийн хувьд ч Хойд Солонгос улс ашиг тусаа хүртсэн гэж үздэг. “Тэд одоо орчин үеийн дайн гэж юу болохыг ойлгож авсан” гэж судлаач Ян Ук хэлжээ.
Оросын талд тулалдуулахаар илгээсэн цэргүүд нь Хойд Солонгосын “Шуурга” элит корпусынхан байсан.
Тэднийг Оросын хүчинтэй нэгдсэн гэдгийг эхэндээ Москва ч, Пёньян ч хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч 2024 оны арваннэгдүгээр сард Украины хүчин анх удаа хойд солонгос цэргүүдтэй нүүр тулсан юм. Мөн дараа оных нь нэгдүгээр сард анхны хойд солонгос олзны цэргүүдийг баривчилж байв. Удаа дараагийн тохиолдлууд гарсан ч гэлээ ОХУ тэдний үүрэг оролцоог 2025 оны дөрөвдүгээр сард л сая албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов хойд солонгос цэргүүдийн байлдааны талбар дахь баатарлаг үйлсийг магтан сайшаасан байдаг.
“Хойд солонгос цэргүүд дэндүү зоригтой. Ялангуяа тэр ‘Шуурга’ корпусынхан нь. Тэд эх орныхоо төлөө үхэхийг хүсдэг юм. Гэвч энэ хүсэл эрмэлзэл нь байлдааны ур чадварт нөлөөлөхгүй юм даа. Курскийн кампанит ажлын эхэн үед тэд маш их цус урсгасан, гэхдээ орчин үеийн дроны дайны талаар сурч авсан” гэж судлаач Ян Ук хэлсэн юм.
Украины 95 дугаар Агаарын десантын бригадын нэгэн цэрэг хойд солонгосчуудыг их бууны сум гэж егөөдөн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, командлагчид тэдний амь биеийг огт хайрлалгүй их бууны сум шиг л байлдааны талбарт илгээсэн гэсэн үг. Түүнчлэн хойд солонгос цэргүүд зэвсэг хэрэгсэл муутай, зориулалтын хувцас, дуулгагүй, оросуудтайгаа ч холбоо харилцаагүй шахам байсныг дурджээ.
Нас барсан цэргүүдийг нэгжихэд орос цэргүүдийн биеэс хувийн эд зүйлс, бичиг баримт, зэвсэг зэрэг олддог. Гэтэл хойд солонгосчуудаас юу ч олддоггүй байсныг мөн тухайн цэрэг ярьсан байна.
Украинчуудын хийсэн нэг бичлэг бий. Бичлэгээс харвал, тэдэнд баригдсан нэгэн хойд солонгос цэрэг эцсийн мөчид амиа золиослон гранат дэлбэлсэн бөгөөд түүний хэлсэн сүүлчийн үг нь Ким Жон Ун байжээ.
Энэ мэт амиа золиослогч цэргүүдийн өр өвдөм үйлдэл нь хожим удирдагч Ким Жон Ун болон Оросын талынхны сайшаалыг хүртсэн юм.
ГЕОПОЛИТИКИЙН ЯЛАЛТ
Тулааны туршлага хуримтлуулахаас өөрөөр Хойд Солонгост ашигтай байсан зүйл нь эдийн засгийн өгөөж. Орост зэвсэг худалдсан, цэрэг байршуулсан явдал нь ядуу буурай Хойд Солонгост 10 тэрбум ам.долларын орлого оруулсан гэх тооцоолол бий. Хойд Солонгосын ДНБ 30 тэрбум ам.доллар орчим. Тэгэхээр тэд өнгөрсөн хугацаанд ДНБ-ийхээ гуравны нэгийг төвлөрүүлж чадсан гэсэн үг.
Гэхдээ үүнээс дутахааргүй чухал зүйл нь Оростой хамтарч байгаа нь Хойд Солонгосын урт хугацааны Хятадаас хамаарах хамаарлыг өөрчилсөн явдал юм. Эн тэнцүү түвшинд очсон гэж хэлэхгүй ч гэлээ ямартай ч дан ганц Хятадаас хамааралтай байхаа больсон. Тиймдээ ч Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард болсон Хятадын цэргийн парадын үеэр Ши Жиньпин, Владимир Путин нартай мөр зэрэгцэн зогссон.
Сөүл дэх Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн судлаач Лим Су Хо үүнийг Хойд Солонгосын хувьд геополитикийн ялалт байсан гэж хэлжээ. Тэрбээр “Өмнө нь нөхцөл байдал хүндрэх тоолонд Хойд Солонгос улс Өмнөд Солонгос, Япон, ялангуяа АНУ-д ханддаг байсан. Солонгосын хойгийн дипломат харилцаа ингэж л явж ирсэн. Гэхдээ одоо тэд Оростой харилцаагаа зузааруулсан болохоор дэлхий ертөнц шинэ Хүйтэн дайн буюу олон туйлт тогтолцоонд шилжсэн гэсэн үг” гэжээ.
Оростой хамтын ажиллагаа нь өргөжин тэлэхийн хэрээр Ким Жон Уны өөртөө итгэх итгэл ч нэмэгдэж байна. Тэрбээр энэ онд болсон эрх баригч намын хурлын үеэр өмнөх удирдагчдын хэзээ ч хүрч чадаагүй амжилтад хүрсэн гэдгээ бахархалтайгаар тунхаглажээ.
