Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалт Минск хотноо энэ сарын 15-нд болов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр талын харилцааны хүрээнд улс төр, худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо талууд нотлов.
Ялангуяа, өнгөрсөн 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах таатай нөхцөл бүрдэж байгаад санал нэгдэв.
Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, беларусийн талаас Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич нар тэргүүлэв.
