МУИС Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй санамж бичиг байгууллаа. Ингэснээр Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байгааг Боловсролын яам мэдээлэв.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын хүний нөөцийг бэлтгэхэд томоохон нөлөө үзүүлж, сургалтын баазыг сайжруулах боломжтой. Мөн 4 жил гадаадад суралцахад гардаг санхүүгийн өндөр төлбөр багасах юм.
NCUK байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын жагсаалтад ордог 11 их сургуулиуд багтдаг.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулах юм. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарч ажиллаж байна.
Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Засгийн газрын 215 тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 санхүүжүүлэх боломж бүрдэж байна.
Өнгөрсөн хугацаанд бакалаврын түвшинд 3, 4 жил суралцах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилдэг байсан бол энэхүү хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлснээр улсын төсвөөр санхүүжүүлэх зээлийн дүн багасаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн хүртээмж нэмэгдэх нөхцөл үүснэ.
Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын 600 орчим оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын “Ерөнхийлөгчийн илгээлт” хөтөлбөрөөр 75 оюутан, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар 1 оюутан тус тус суралцаж байна.
