Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай албан ёсны уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж буйг онцоллоо.

Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар яригдсан баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын коридорын асуудлыг бодит ажил хэрэг болгоход анхаарч буйгаа илэрхийлэв.

Уг төмөр замын төсөл нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн чухал зангилаа болох бөгөөд төмөр замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нөхцөлүүдийг тохиролцох чиг үүрэг бүхий гурван улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал солилцлоо. 

Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан итгэлцлийг бий болгоход худалдаа, эдийн засгийн салбар тун чухал гэдгийг тодотгов.

Тэрбээр сүүлийн үед ОХУ, Монгол Улсын хооронд улстөрийн харилцаа эрчимжиж буйд талархалтай буйгаа илэрхийлээд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломжтой гэлээ.

Тиймээс цаашид тус түр хэлэлцээрийн хүрээнд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, худалдааны тэнцвэрийг хангах талаар харилцан санал солилцлоо.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн