Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өглөө.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна. Иргэдийн амьдралд шийдэх асуудал түүнээс ч их байна. Тиймээс төрийн бүх шатанд улс төрөөс илүү ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулав.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвөө хүндээ зориулна. 769 мянга байгаа тэтгэврийг багадаа нэг сая болгоно. Цалин нэмнэ. Татварын ачааллаас хөнгөлнө. Орон сууцны хүртээмж нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд аймаг, нийслэл бүр өвөлжилтийн бэлтгэлийн үлдсэн асуудлаа нэг бүрчлэн тодорхойлж, асуудал нь юу, хэн хариуцах, хэзээ, ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэсэн дөрвөн асуудлыг заавал тусган ажиллахыг үүрэг болгов.
Орон нутгийн удирдлагуудыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлаа хугацаанд нь шийдвэрлэх, боломж хүрэхгүй асуудлыг Засгийн газар дэмжиж шийдвэрлэнэ гэв.
“Асуудал бүр эзэнтэй, ажил бүр хугацаатай, шийдэл бүр үндэслэлтэй, хэрэгжилт бүр хяналттай байна” гэдгийг онцолж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг нутаг орондоо эзэн байж, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллахыг даалгалаа.
Эрчим хүчний салбарт олон жил хуримтлагдсан асуудалтай нүүр тулж байгаа. Үнэнээ нуухгүй. Гэлээ гээд ард түмэндээ ачаа үүрүүлэхгүй, эрчим хүчний тариф нэмэхгүй гэдгийг онцлоод дулааны III цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэж, аймгуудын дулааны станцуудын ажлыг шахаж ажиллаж буйг тэмдэглэв.
Хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.
