УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны холбогдох танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороодод шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд энэ сарын 8, 9, 10, 14-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Засгийн газар УИХ-аас баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар дурдаж, төсвийн зардлын тэлэлт нь инфляцын түвшинд нөлөөлж, улмаар иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхаарах, төсвийн төслийг хэлэлцэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлах, мөн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарах, төсвийн хуулийг хэлэлцэхдээ хариуцлагатай хандаж, төсвийн сахилга батыг сайжруулах, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, мөн тухайн жилийн төсвийн болон төсвийн тодотголын төслийг УИХ-аар хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатанд зарчмын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр төсвийг тодотгохдоо төсвийн нийт зардлыг бууруулах, төрийн албан хаагчдын тоог цөөлж чанартай цомхон төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн ажлыг төрийн бодлогын түвшинд анхаарч мал байгууллагуудыг чадавхжуулах, мөн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болохыг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Түүнчлэн Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох танилцуулгаа Төсвийн байнгын хороонд ирүүлсэн болохыг дурдав.

Ийнхүү Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 56 буюу 82.4 хувь нь 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна хэмээн дэмжив. Гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн тодотголын төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Үүгээр УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өндөрлөж, УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв. Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснийг дурдлаа. Асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмэх болно гэдгийг гишүүд ойлгож, өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг тэрбээр ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолж байв хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн