ШИНЭ ДЕЛИ, 2026 оны есдүгээр сарын 14 /Reuters/. БРИКС-ийн бүлгийн орнуудын удирдагчдын 18 дахь удаагийн уулзалт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Удирдагчид бямба гарагт хамтарсан тунхаглалыг санал нэгтэй баталж, Ойрх Дорнодод болж буй дайнд “гүнээ санаа зовниж” буйгаа илэрхийлээд, дээд зэргээр хүлээцтэй хандахыг талуудад уриалсан байна. Мөн улс орнуудын байр суурийг хүндэтгэсэн “олон талт арга”-ыг баримтлахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
БРИКС-ийн удирдагчдын жил тутмын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр баталсан уг тунхаглалыг АНУ, Ираны талууд наймдугаар сарын ихэнх хугацаанд байлдааны ажиллагаагаа түр зогсоосны дараа харилцан цохилтоо дахин эхлүүлсэн үед гаргаж байна.
БРИКС-ийн бүрэлдэхүүнд Иранаас гадна АНУ-ын холбоотон болох Арабын Нэгдсэн Эмирт Улс багтдаг тул хамтарсан мэдэгдлийг батлуулах нь зохион байгуулагч улс болох Энэтхэгийн хувьд нэлээд хүнд даалгавар байв.
“Бид Ойрх Дорнод дахь хурцадмал байдал үргэлжлэн даамжирч буйд гүнээ санаа зовниж байна. … Аль болох хүлээцтэй байж, нөхцөл байдлыг улам дордуулах аливаа үйлдлээс зайлсхийхийг уриалж байна” гэж “Шинэ Делигийн тунхаглал”-д дурджээ.
Түүнчлэн олон улсын маргааныг “яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт, дипломат арга замаар” шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ гишүүн орнууд дахин нотолсон байна.
Үүний зэрэгцээ Ирантай хийж буй дайны хүрээнд Техраны эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, мөн Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг тавиад буй үед худалдааг гажуудуулж буй “нэг талын тарифын болон тарифын бус арга хэмжээ авах нь” ихсэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
БРИКС-ийн бүрэлдэхүүнд Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Египет, Этиоп, Индонез, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс багтдаг.
