БРЮССЕЛЬ, 2026 оны есдүгээр сарын 12 /Euronews/. Баб-эль-Мандебийн хоолой дахь Перим арлыг хуситууд баасан гарагт эзлэн авснаар уг хоолойг үндсэнд нь хянаж байна.
Йемений засгийн газрын цэргүүд арлыг орхин гарсан даруйд хуситууд түүн дээр десант буулгажээ. Үүнээс өмнөхөн “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн маш түргэн давшиж Моха гэдэг боомт хотыг эзэлснээс гадна Улаан тэнгисийн өмнөд хэсгийн Зугар аралд хяналтаа тогтоосон байна. Ингэснээр тэд Баб-эль-Мандебийн хоолойн Азийн буюу хойд эргийг хянаж эхэлжээ.
Баб-эль-Мандеб бол Улаан тэнгисийг Арабын тэнгистэй холбодог хоолой юм. Дэлхий даяар тээвэрлэж буй чингэлгүүдийн гуравны нэг орчим нь Улаан тэнгисээр дамждаг бөгөөд АНУ-Ираны дайн эхэлснээс хойш уг хоолойгоор багагүй хэмжээний газрын тосыг тээвэрлэж байна.
Хуситууд Израил, Саудын Арабтай шууд болон дам холбогдсон хөлөг онгоцууд руу халдах болсон байна. “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн мэдэгдэхдээ “одооноос эхлэн Саудын Арабаас бусад улсын хувьд Баб-эль-Мандебаар дамжин тээвэрлэлт хийх нь чөлөөтэй” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуситууд Саудын Арабаас тусламж авдаг засгийн газрын цэргүүдийн эсрэг өргөн хэмжээний давшилтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Саудын Арабын нутагт ч цохилт өгсөөр байна.
Долоодугаар сард АНУ-ын Д.Трамп мэдэгдэхдээ “хэрвээ хуситууд Улаан тэнгисээр дамжиж буй тээвэрлэлтийг зогсоох гэж оролдвоос тэдэнд цохилт өгнө” гэж анхааруулсан юм. Гэвч Ирантай хийж буй дайнд гол анхаарлаа төвлөрүүлсэн Вашингтон Йемений мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох гэж яарахгүй байна.
