Монголын Үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын барилдаанд оролцогч багуудын нэгдсэн уулзалтыг өчигдөр зохион байгуулав.

Уулзалтаар шинэ улирлын барилдааны журам, зохион байгуулалт, өрсөлдөөний хэлбэр, цаашид тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, чанартай болгох боломжуудын талаар хэлэлцэж, оролцогч багуудын төлөөллийн саналыг сонслоо.

2026-2027 оны “Алтан цом”-ын барилдаанд өмнөх улиралд оролцож байсан багуудын 60 хувь нь оролцохоо мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ “Алтан цом”-ын өрсөлдөөнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал гарчээ. Тиймээс шинэ багуудын оролцоог дэмжиж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэхэд талууд санал нэгдлээ. Ингэснээр энэ улирлын “Алтан цом” шинэ бүрэлдэхүүн, шинэ тактик, шинэ багуудын хүч сорьсон талбар болох хүлээлттэй байна.

Нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп”, “МИГ Даатгал”, “Хатант Интернэшнл” компани, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб” -ийн төлөөллүүд оролцлоо. Багуудаас тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний чанар, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн нь “Алтан цом”-ыг илүү өндөр түвшинд хүргэхэд чухал алхам болох аж.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн