“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “М.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай”  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол болон ““Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, М.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн маргааны тухайд нэхэмжлэлийн шаардлага нь  “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Тушаалд засвар оруулах тухай” Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэсэн байна. Энэхүү маргааны тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэвэл зохих асуудал нь төрийн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон хуулийн заалт нь Үндсэн хуульд нийцээгүйн улмаас хожим буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болсон тохиолдолд шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх тухай бөгөөд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийн тухайд  “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхихыг тогтоосон ажээ  хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн