Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.09.11) Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд Ханнс Зайделийн сан олон жилийн турш хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан дурдаад, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын Тамгын газраас явуулж буй хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг цаашид үе шаттай өргөжүүлж, олон улсын хөтөлбөр болгохын тулд ХБНГУ-ын хуульчид, судлаач эрдэмтэд, багш нартай хамтран сонирхолтой байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.
Хууль тогтоомжийн хэрэгжилт, зохицуулалт, түүний үр нөлөөг үнэлэх арга зүй, олон улсын чиг хандлагаас суралцаж, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах чадавхыг бэхжүүлэх, парламентын судалгаа, шинжилгээнд хиймэл оюун ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төслийн эдийн засаг болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох аргачлалыг сайжруулах, мөн Үндсэн хуулийн цэцэд гаргах тайлбарын чанар, хуулийн төслийн бүрдүүлбэрт хяналт тавих арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Хатагтай Вероника Айхингер өөрийн хариуцдаг бүс нутгийн улс орнуудад явуулж буй үйл ажиллагаатай танилцаж яваагаа хэлээд, парламентын чадавх, хууль тогтоох, хяналт тавих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлсэнд Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв. Дээрх саналуудыг цааш уламжилж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд тусгуулахын тулд идэвхтэй ажиллана гэдгээ тэрбээр илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленк нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
