АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай холбоотой мөргөлдөөн АНУ-ын завсрын сонгуулийн дараахан дуусч, үүнийг дагаад дэлхийн газрын тос болон Америкийн шатахууны үнэ буурна гэж найдаж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр /2026.09.09/ Даллас хотод болох Бүгд Найрамдах намын завсрын сонгуулийн арга хэмжээнд оролцохоор явах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Иран улс мөргөлдөөнийг улс төрийн зорилгоор 11 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэхийг оролдож байна” гэж буруутгажээ. Д.Трампын хэлснээр, Иран улс АНУ-ын завсрын сонгуульд нөлөөлж, өөрт нь улс төрийн дарамт үзүүлэхийг зорьж байгаа аж.

Гэхдээ Иран эдийн засаг, цэргийн хувьд цаашид удаан хугацаанд тэсвэрлэх боломжгүй тул “сонгуулийн дараахан” мөргөлдөөнийг зогсоохыг эрмэлзэнэ гэж тэр үзэж байна.

Мөн тэрээр шатахууны үнэ ойрын хугацаанд огцом буурах магадлал бага байгааг хүлээн зөвшөөрч, энэ нь завсрын сонгуулиас арай удаан хугацаа шаардаж магадгүй гэжээ. Сүүлийн өдрүүдэд Иран дахь мөргөлдөөн ширүүсч, дэлхийн газрын тосны гол тээврийн замуудын нэг болох Ормузын хоолойн аюулгүй байдалд эрсдэл үүссэнээр газрын тосны үнэ дахин өсөөд байна. Энэ үеэр дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллароос давжээ.

Д.Трампын засаг захиргаа өмнө нь Ирантай холбоотой мөргөлдөөн дуусмагц газрын тосны нийлүүлэлт тогтворжиж, үнэ огцом буурна гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэсэн ч АНУ одоогоор Ормузын хоолойгоор газрын тосны танкеруудыг аюулгүй нэвтрүүлэх асуудалтай тулгарч байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээл болон АНУ-ын дотоодын шатахууны үнэд дарамт үзүүлсээр байна. Д.Трамп шатахууны үнэ завсрын сонгуулийн өмнөх улс төрийн эрсдэл болж буй талаар санаа зовохгүй байгаагаа илэрхийлж, Америкчууд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх шаардлагыг дэмжинэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн