ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 10 /TASS/. Хятадын эрдэмтдийн баг Азийн урт хөлт хачганд хазуулснаар халдварладаг найровирус (ALTNV) гэдэг шинэ төрлийн вирусийг илрүүлжээ. Энэүү судалгааны талаарх өгүүллийг “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.
Эрдэмтэд уг вирусийг цусан дахь бүлэгнэлтийг хариуцдаг ялтас эсний тоо багасаж цочмог халуурдаг өвчнийг (SFTS) судлах явцдаа илрүүлжээ. SFTS оноштой өвчтөнүүдэд шинжилгээ хийхэд тэдний 30 орчим хувьд нь уг өвчнийг үүсгэгч “Dabie bandavirus” вирус илрээгүй байна. Ийнхүү SFTS-тэй төстэй шинж тэмдэг үүсгэдэг уг шинэ вирусийг илрүүлсэн аж.
“Dabie bandavirus”-ийн нэгэн адил “ALTNV” нь халдвар авсан хачгийн хазалтаар хүнд халдварладаг байна. Хачигт хазуулсны дараа бие сульдах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. “Dabie bandavirus” вирусээс ялгаатай нь “ALTNV”-аар халдварласан тохиолдолд амь насаа алддаг болох нь одоогоор тогтоогдоогүй байна. Гэсэн хэдий ч хоёр вирусээр зэрэг халдварласан 38 өвчтөний долоо нь нас баржээ.
Хятадын Ханжөү хотын Вестлейк их сургуулийн эрдэмтэд “Dabie bandavirus” вирусийг үр дүнтэй саармагжуулах боломжтой “супер эсрэгбие” илрүүлсэн тухай “South China Morning Post” сонинд өмнө нь мэдээлж байв. Эрдэмтэд цаашид уг аюултай өвчнөөс сэргийлэх вакцин гарган авахаар төлөвлөж байгаа аж.
