Улаанбаатар //. БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо болж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ИНТЕРПОЛ-ын Ерөнхийлөгч Лукас Филипптэй уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу ИНТЕРПОЛ-ын Ерөнхийлөгч Лукас Филиппийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, уг саналыг хоёр тал харилцан тохиролцов. Мөн Монгол Улс Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу ИНТЕРПОЛ-той мансууруулах бодисын хууль бус эргэлт, цахим залилан, кибер гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, шуурхай мэдээлэл солилцох, хамтарсан ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдлээ.

Монгол Улс нь 1991 оны 11 дүгээр сарын 4-нд  ИНТЕРПОЛ-ын гишүүн орон болсон. Улаанбаатар хотод ИНТЕРПОЛ-ын Үндэсний төв товчоо ажиллаж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагыг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны сүлжээтэй холбон ажиллаж байна.

ИНТЕРПОЛ-ын хүрээнд гэмт хэрэг, гэмт этгээдтэй холбоотой мэдээллийг шуурхай солилцох, олон улсын эрэн сурвалжлах ажиллагааг дэмжих, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах боломж бүрддэг аж.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн